Монгол Улс сэрүүн бүсийн, өвөлдөө хэт хүйтэрдэг орон учраас барилга, орон сууц, гэрээ халааж, дулаан өвөлжих нь нэн чухал. Дулааны эх үүсвэрээ зөвхөн нүүрсээр хангадгаас зардал өндөр, агаарын бохирдол их байдаг. Зөв технологи, чанартай материал ашиглаагүй байшин, барилга нь хүлэмжийн хийн 37 хувийг ялгаруулдаг гэсэн олон улсын судалгаа байдаг бол манай орны хувьд агаарын бохирдлын үндсэн шалтгаан нь нүүрсний угаар болдог. Уг нь нүүрсний хэрэглээг багасгахын зэрэгцээ дулаан, тохь тухтай өвөлжих, агаарын бохирдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлттэй амьдрах боломж бий. Энэ талаарх судалгаа ч цөөнгүй бөгөөд нар, салхины арвин нөөцтэй манай орны хувьд хамгийн боломжит хувилбар нь эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг олноор ашиглалтад оруулах, дулааны алдагдлыг бууруулах гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.
Улаанбаатарын гэр хороололд 220 000 гаруй өрх амьдардаг. Эдгээр айл тус бүртээ байгальд ээлтэйгээр дэд бүтцээ шийднэ гэвэл дөрвөн их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий. Айлуудыг төвлөрсөн халаалтын системд холбоход олон тэрбум төгрөгийн үнэ бүхий шугам хоолой суурилуулж, их хэмжээний хөрөнгө зарцуулна гэсэн үг. Мөн угсармал орон сууцуудыг дулаалж буй бөгөөд 2022-2027 онд 34.5 сая евро зарцуулахаар төлөвлөжээ. Тэгвэл заавал төвлөрсөн халаалтын систем, дэд бүтэц шаардахгүйгээр уулын орой дээр ч эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй амьдарч болох нэг шийдэл нь амины ногоон орон сууц юм. Энэ нь сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн, байгальд ээлтэй, нарны сууц болохыг бид өмнөх нийтлэлээрээ хүргэсэн. БХБЯ-наас 2030 он гэхэд гэр хорооллын өрхүүдийн 50 хүртэлх хувийг амины ногоон орон сууцтай болгох зорилт тавьсныг дэд сайд Э.Золбоо мэдээлсэн юм. Иргэдийг амины орон сууцжуулахаар ипотекийн зээл олгож байгаа ч хүртээмжтэй биш, мөн өрхүүдийн санхүүгийн чадамж хангалтгүй байх нь олон.
Түүнчлэн ногоон зээл олгодог ч хэрэглээний зээлд тооцдог, богино хугацаатай нь бэрхшээлтэй аж. Уг нь Уур амьсгалын ногоон сангаас манай улс 2.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татах боломжтойг “Хас” банкны Эко банкны хэлтсийн дарга Г.Туул хэлсэн юм. Тэрбээр “Дэлхий дахинд ногоон санхүүжилтийг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг өргөн ашиглах бодлого баримтлаад багагүй хугацаа өнгөрсөн. Манай улс нар, салхины арвин нөөцтэй нь давуу тал бөгөөд үүндээ тулгуурлан дээрх сангаас зээл авч, ногоон барилгын хүртээмжийг сайжруулж болно. Үүний тулд дотооддоо ногоон санхүүжилтийн экосистем бүрдүүлэх хэрэгтэй. Мөн дотоодын ногоон стандартыг дэлхийн жишигт нийцүүлж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх нь хамгийн чухал. Ингэсэн тохиолдолд ногоон санхүүжилтийг тасралтгүй авч болно. Манай банкны хувьд амины ногоон орон сууц барихад зориулж жилийн 12 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл олгодог. 12 компанитай хамтран ногоон барилгын явц болон ажлын үр дүнг тооцон ажилладаг” гэсэн юм. Дээрх сангаас эрчим хүчний хэмнэлттэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, амины орон сууц барих, дулаалгын шийдлийг сайжруулахад дэмжлэг олгодог билээ.
ДУЛААЛГЫН ӨДӨРТЭЙ БОЛЪЁ
Ногоон барилга барих техник, технологийн шийдэл, материалын нөөц манай улсад хангалттай бий гэнэ. Компаниуд ийм барилга, амины орон сууцыг чанарын өндөр түвшинд барьдаг болсоор цөөнгүй жил өнгөрсөн бөгөөд иргэдийн санхүү, хэрэглээнд тохирсон хэмжээ, загвар, материалыг сонгож өгдөг байна. Харин ийм барилгыг олноор нь бариулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд төрийн бодлого хангалтгүй байгаад анхаарах учиртайг барилгын компани, санхүүгийн байгууллагынхан дурдсан. Тиймээс гэр хорооллын айлуудыг эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцтай болгохын тулд дараах арга хэмжээг авах шаардлагатай гэж мэргэжилтнүүд тооцжээ. Нэгдүгээрт, ногоон барилга бүрт гэрчилгээ олгон, тэмдэгжүүлж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг нь дээшлүүлэх. Хоёрдугаарт, амины ногоон орон сууцтай иргэдэд татаас өгч, байгальд ээлтэй үйлдлийг нь дэмжих хэрэгтэй гэнэ. Мөн эрчим хүчний хэмнэлттэй дулаалгын материал үйлдвэрлэгчид, амины орон сууц барьдаг иргэн, аж ахуйн нэгжийг НӨАТ-аас чөлөөлөх, бусад төрлийн татварын хөнгөлөлт үзүүлбэл үр дүнтэйг аж ахуйн нэгж, төрийн байгууллагын төлөөлөл хэлэв. Түүнчлэн гэр хорооллын өрхүүдийг санхүүгийн чадавх муутайд тооцох нь учир дутагдалтай буюу хэрэглээний зээл авах чадвартай, автомашин, үл хөдлөх хөрөнгөтэй айл олон бий гэнэ. Харин гэр, байшингаа дулаалах, ногоон байшинтай болох талаарх мэдлэг, идэвх сул гэж хэлж болох нь. Тиймээс дулаалгын өдөртэй болъё гэсэн санаачилгыг “Шинэчилгээ” төслийнхөн гаргасан юм. Тодруулбал, намар нэг өдөр, эсвэл долоо хоногийг үндэсний хэмжээнд дулаалгын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлж, гэр, орон сууц, барилгаа дулаалахын ач холбогдол, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцад амьдрахын давуу талыг хэлэлцэн, мэдээлэл солилцох юм. Нөгөөтээгүүр, ногоон санхүүжилтийн талаарх мэдлэгээ дээшлүүлж, зээлийн боломжийг эрэлхийлж, санхүүгийн шийдэл олохыг зорино гэсэн үг.
Эрчим хүчний хэмнэлттэй, зардал багатай амьдарна гэдэг нь зөвхөн амины ногоон орон сууцад аж төрөхийг хэлэхгүй. Өдгөө амьдарч буй гэр, байшингаа нэмж дулаална хэмээн ойлгож болно. Тухайлбал, байшин, гэрийн зөвхөн дээврийг сайтар дулаалахад дулаан алдагдлыг 1.5 дахин бууруулдаг бол хана, цонхны битүүмжлэлийг сайжруулснаар халаалтын зардлыг 50 хүртэлх хувиар хэмнэж болох нь. Шахмал түлшний татаасанд улсаас жил бүр 270 тэрбум төгрөг олгодог аж. Тэгвэл 1000 гэрийг дулаалахад гурван тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, 270 тэрбум төгрөгөөр 900 000 өрхийн гэрийг дулаалж, шахмал түлшний зарцуулалтыг бараг 30 хувиар багасгах боломжтой гэнэ. Тиймээс энэ нь орлого багатай өрхүүдэд хамгийн тохирсон шийдэл болно.
АМИНЫ НОГООН ОРОН СУУЦ ОЛНЫГ БАРИВАЛ ҮНЭ НЬ ХЯМДАРНА
Улсын хэмжээнд одоогоор ногоон санхүүжилтэд зориулж 300 тэрбум төгрөгийн зээл олгосны 30 гаруй хувийг нь амины ногоон орон сууц барихад зарцуулжээ. Зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, гадаадаас зээл авах боломж бүрдүүлэхийн тулд ногоон санхүүжилтийн экосистем бий болгох, ногоон стандартад нийцсэн технологи, материалаар бүтээн байгуулалт хийж буй аж ахуйн нэгжийг дэмжин, мөн ногоон байшин барьсан айлд татаас олгох хэрэгтэйг дээр дурдсан. Үүний тулд гэр хорооллын дахин төлөвлөлтөд мөн анхаарах учиртай. Иргэд газраа дахин төлөвлөлтөд оруулна хэмээн найдаад хөрөнгө оруулдаггүй, эсвэл амины ногоон орон сууц барих зардал өндөр, зээлийн шаардлага хангахгүй гэж бодоод тоолгүй орхидог аж. Тиймээс гэр хорооллын аль хэсгийг дахин төлөвлөх, алийг нь үлдээх талаар шийдвэр гаргавал оршин суугчид нь өөр боломж эрэлхийлэх, илүү тухтай, байгальд ээлтэй амьдрахад санаа тавьж эхэлнэ гэсэн үг. Мөн амины ногоон орон сууц барих эхний хөрөнгө оруулалт өндөр байгаа нь цөөн тоогоор баригдаж буйтай холбоотой аж. Хэрэв хотхон хэлбэрээр, олноор нь барьж эхэлбэл үнэ нь хямдрах боломжтой гэнэ.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Э.Батболд: Ногоон барилгын санхүүжилт авах зорилгоор төсөл боловсруулж хүргүүлсэн БХБЯ-ны Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Э.Батболдтой ногоон барилга, гэр хорооллын айл өрхүүдийг хэрхэн амины ногоон орон сууцтай болгохоор төлөвлөж буй, дулаан алдагдлын нөлөөний талаар ярилцлаа.
-Манай улс ногоон барилгыг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?
-УИХ-ын 2014 оны тогтоолоор ногоон хөгжлийн бодлогын баримт бичиг баталсан. Үүнээс хойш салбар тус бүр өөрсдийн хүрээнд, тухайлбал барилгын салбарт ногоон барилгыг хөгжүүлэх чиглэлээр арга хэмжээнүүд хэрэгжүүлж буй. 2015 онд баталсан Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын оруулах зорилтыг Засгийн газрын 2019 оны 409 дүгээр тогтоолоор баталсан. Дээрх хэлэлцээрийг хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтод тусгаснаар манай улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар буюу 16.89 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэлтэй тэнцэхүйц хэмжээгээр багасгах амлалт өгсөн. Үүнээс барилга, хот байгуулалтын салбарт хүлэмжийн хийн ялгарлыг 830 мянган тонноор бууруулна гэсэн амлалт өгсний дагуу ажиллаж байна.
-Биелэлт нь ямар байгаа бол. Барилгын салбар эрчимжиж байгаатай холбоотойгоор хүлэмжийн хийн ялгарал төдийлөн буураагүй байж ч магадгүй юм.
-Египетийн Шарьм Эль-Шейх хотод өнгөрсөн арваннэгдүгээр сард Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 27 дугаар бага хурал болсон. Уг хурлын үеэр барилгын салбарт эрчим хүчний хэмнэлттэй холбоотой хэд хэдэн тоо баримтыг мэргэжилтнүүд дурдсан л даа. 2021 оны байдлаар барилгын салбарт дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын 37 хувь ногдсон нь маш өндөр тоо. Гэхдээ дээрх хурлын үеэр эерэг нөлөө, үр дүнгүүд гарч байгааг мөн тайлагнасан. Жишээлбэл, 2015 онд л гэхэд барилгын ам метр талбайгаас жилд 43 кг хүлэмжийн хий ялгарч байсан бол 2021 онд 40 болж буурсан дүн гарсныг тайлагнасан. 2015 онд барилгын салбарт 218 тэрбум ам метр талбай байсан бол 2021 онд 242 тэрбумд хүрч өссөн ч дээрх эерэг үр дүн гарсан байгаа юм. Түүнчлэн анх 88 улсад ногоон барилгын стандарт хэрэгжүүлж байсан бол 2021 онд 151 орон ийм чиглэлээр ажилладаг болж, стандартаа шинэчилсэн зэрэг эерэг өөрчлөлт гарсан. Манай улсын хувьд эрчим хүчний хэрэглээг хамгийн ихээр бууруулдаг арга нь барилгын дулаантай холбоотой асуудал байдаг. Бид 2020 онд барилгын дулаан хамгааллын нормоо шинэчлэн, олон улсын түвшинд дөхүүлж А, B, C ангиллаар үнэлдэг болсон. Барилгын дулаан хамгааллын нормын доод хэмжээг зааж өгсөн. Уг нормын 20 хувьтай дүйцэхүйц, эсвэл түүнээс бага эрчим хүч хэрэглэж байвал пассив буюу цахилгаан хэрэглэдэггүй барилга гэж тооцож буй. Манай улсад нормд заасан хэмжээнээс хамаагүй их дулаан ашигладаг, дулаан алдагдалтай барилга, байшингууд бий. Ялангуяа гэр хорооллын айл өрхүүдийн барьж буй байшин нормын стандартыг хангадаггүй, дулаан алдагдал өндөртэй тул их хэмжээний гал түлдэг. Өдөрт нэг удаа гал түлээд дулаанаа хадгалах боломжтой байхад зарим айл хоёр, өөр хэсэг нь гурван ч удаа гал түлдэг.
Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 166 дугаар тушаалаар Барилга, хот байгуулалтын салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах 2021-2030 оны төлөвлөгөөг баталсан. Үүнд хэд хэдэн зорилт тусгасан юм. Тухайлбал, барилга, хот байгуулалтын салбарын хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийг ногоон, тогтвортой хөгжлийн шаардлагад нийцүүлэх, эл салбарын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхээр тусгасныг дурдаж болно. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгалийн гамшиг, аюулт үзэгдэлд барилга, хот байгуулалтын салбарын бэлэн байдлыг хангаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, энэхүү салбарын хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тайлагнах, нотлох систем бий болгохоор тусгасан. Энэхүү төлөвлөгөөг хэд хэдэн үе шаттай хэрэгжүүлнэ.
Эхний ээлжид шинээр барих барилгууд хүлэмжийн хийг бага ялгаруулдаг байх буюу нормыг заавал мөрдөх ёстой гэсэн үндсэн шаардлага тавьж буй. Үүнтэй уялдуулаад өмнө хэлсэнчлэн барилгын дулаан хамгааллын нормыг сайжруулж баталсан. Дараагийн үе шатанд дулааны алдагдал өндөртэй хуучин барилгуудыг яах вэ гэдэг асуудлыг шийдэхийг зорьж буй. Тухайлбал, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй (GIZ) хамтраад хуучны угсармал, дулаан алдагдал өндөртэй байруудыг дулаалах хамтарсан төсөл хэрэгжүүлж байна л даа. Мөн Барилгын үндэсний ассоциацтай хамтраад ямар ажлууд хийвэл дулаан алдагдал буурах боломжтой талаарх тооцооллуудыг хийж байгаа. Товчхондоо, хоёрдугаар үе шатанд хуучны, дулааны алдагдал өндөртэй байшингуудыг дулаалах, сайжруулах арга хэмжээ авах юм. Гурав дахь үе шатанд хүлэмжийн хийн ялгарал, дулаан алдагдлыг бууруулах нөлөөтэй эко барилгын материал үйлдвэрлэх технологиудыг хөгжүүлэхийг зорьж байна. Энэ чиглэлээр дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдээс бүтээлч санаанууд гаргаж, түүнд нь Барилгын хөгжлийн төвөөс тохирлын гэрчилгээ буюу тухайн технологийг үйлдвэрлэлд ашиглаж болно гэсэн зөвшөөрөл олгож байгаа. Хамгийн сүүлийн үе шатанд ногоон технологийг хэрэглэгчдийн гарт хэрхэн хүргэх вэ гэдэгт анхаарна. Үүний тулд ногоон санхүүжилтийн асуудлуудыг шийдэх ёстой. Тиймээс Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллаж байна.
-Гэр хороололд дахин төлөвлөлт хийж, иргэд ч амины орон сууцаа ногоон байлгах сонирхол нь нэмэгдсэн. Энэ тал дээр ямар ажлууд хийж буй бол?
-Гэр хорооллын төлөвлөлтгүй бүс нь хөрсний, агаарын бохирдол зэрэг олон хүндрэл бий болгож буй. УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий чиг хандлага” баримт бичиг баталсан. Гэр хорооллын тодорхой хэсгийг буюу тухайн үеийн тооцооллоор 16 хувийг нь барилгажуулахаар төлөвлөгөө гаргаж, гэр хорооллыг өндөр орон сууцын хороолол болгон хөгжүүлэхээр зорьсон. Өдгөө нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтран “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө” боловсруулж буй. Энэ хүрээнд нийслэлд одоо байгаа нийт гэр хорооллын 80 орчим хувийг амины болон нийтийн зориулалттай орон сууцтай болгохоор тусгаж байгаа. Нэг ёсондоо, бүгдийг нь барилгажуулах шаардлагагүй, зарим хэсгийг нь амины орон сууцтай хэвээр үлдээж, тухайн хэсэг нь авто, явган хүний замтай, сургууль, цэцэрлэгтэй байна. Тэгэхээр иргэд хашаандаа тохилог, тав тухтай амьдрах амины орон сууцтай болох шаардлагатай болно гэсэн үг. Иймээс ч бид Амины орон сууцад тавигдах стандартын шаардлагыг боловсруулсан. Мөн нэг айлын орон сууцын норм, дүрмийг баталсан. Барилгын хөгжлийн төвийн захирлын тушаалаар амины орон сууцад тавигдах шаардлагыг захиалагчийн хяналтаар дамжуулан баталгаажуулах үйлчилгээ үзүүлж байна.
-Монголд одоогоор ногоон барилгын стандарт хангасан барилга бий юү?
-Монголын банкны холбоо, ТоС холбоотой хамтран эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцын санхүүжилтийн схем хөгжүүлж, нэвтрүүлсэн. Улмаар нийслэлийн гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй амины 26 орон сууц бариад байна. Мөн “Сакура проперти” компани Гандантэгчэнлин хийд орчимд ногоон барилга буюу эрчим хүчний хэмнэлт нь 55 хувьтай байшин барьж, Монголын анхны EDGE сертификатыг авсан. Уг сертификат нь дэлхийн маш олон улсад хэрэглэгддэг, Олон улсын санхүүгийн корпорацаас гаргасан ногоон барилгын үнэлгээний систем юм. Эл системд Монголын бүх норм, стандарт, цаг уурын нөхцөл байдлыг оруулсан. Сургалтууд зохион байгуулж, EDGE системээр үнэлгээ хийх чадвартай зургаан эксперт ч бэлтгэлээ. Мөн энэ талаар мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор давхардсан тоогоор 100 гаруй инженер, техникийн ажилтныг сургалтад хамруулсан.
Манай улс 2020 онд “Ногоон барилгын хүрээлэн” ТББ байгуулсан. Уг ТББ-д барилга, ногоон барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагын төлөөлөл багтсан юм. Тус байгууллага нь цаашид ногоон барилгыг хөгжүүлэх чиглэлээр инженер, техникийн ажилтнуудыг сурган, түүнийг үнэлэх аргачлал боловсруулж, баталгаажуулах ажлыг хийнэ. Ташрамд дурдахад, барилгын компаниуд ногоон барилгатай холбоотой мэдээллийг “Амины орон сууц инновац, хөгжлийн төв” ТББ, “Ногоон барилгын хүрээлэн”-гээс авах боломжтой. Жишээлбэл, “Амины орон сууц инновац, хөгжлийн төв” ТББ нь энэ чиглэлийн бүх инженер, техникийн ажилтныг сургаж байна. Бас иргэдэд энэ чиглэлийн зураг төсөл боловсруулж өгч буй. Тодруулбал, ногоон барилга барих бол цонх, хана, дээвэр нь ямар байх ёстой гээд бүх шаардлагын зааварчилгааг нь гаргаж өгдөг. Шаардлагыг нь хангасан бол аудитор тухайн барилгад очиж ажиллаад, эрчим хүчний хэмнэлттэй болохыг нь баталгаажуулах юм. Эрчим хүчний хэмнэлттэй байвал ногоон барилгын шалгуур үзүүлэлтийн 60-70 хувийг нь хангачихна гэж ойлгоход болно.
-Манай улс ногоон барилга барихад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхээр хэрхэн ажиллаж байна вэ. Дунд хугацаанд Улаанбаатарт 50-60 мянган айл өрхийг ногоон орон сууцад орох боломж бүрдүүлэхээр төлөвлөж буй талаар өмнө нь албаны хүмүүс хэлж байсан.
-Санхүүжилттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр БХБЯ болон Сангийн яам, Монголбанк, СЗХ хамтран ажиллаж буй. 50-60 мянган айлыг ногоон стандартын шаардлага хангасан орон сууцтай болгоход шаардлагатай санхүүжилтийг Монголын ипотекийн корпорацтай хамтран босгохоор олон улс, банк санхүүгийн байгууллагуудад санал тавьж байгаа. Тус корпорац олон улсад ногоон бонд гаргахаар ажиллаж буй юм. Мөн Уур амьсгалын ногоон санд (“Green climate fund”) төсөл боловсруулж хүргүүлсэн. Ер нь олон улсад тухайн барилга нь хүлэмжийн хийн ялгарлыг ямар хэмжээнд буулгаж чадах вэ гэсэн нийтлэг шаардлага тавьдаг. Монгол Улсад барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг яаж тайлагнах, хэмжих, хэрхэн баталгаажуулах вэ гэдгийг Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар баталсан Барилгын хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг тооцох аргачлалаар тооцоолж буй. Тэгэхээр тухайн төсөл хүлэмжийн хийг ямар хэмжээгээр бууруулж чадах талаарх нотолгоогоо гаргаад ир гэхэд олон улсад хүлээн зөвшөөрөхүйц системээр тооцох чадвартай болсон гэсэн үг.