Хөгжмийн зохиолч, продюсер, төгөлдөр хуурч, "Никитон" хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат АНУ-д зохион байгуулагдах “Disney On Ice” шоуны хөгжмийн зохиолчоор шалгарсан баяртай мэдээлэл хуваалцъя. Тэрбээр нүүр номдоо "Америкийн нэгдсэн улсын “Disney On Ice” шоуны хөгжмийн зохиолчоор шалгарсандаа баяртай байна. Та нартайгаа хуваалцмаар санагдлаа. Мөн дэлхийд алдартай 104 жилийн түүхтэй “Ringling Brothers & Bailey” Greatest show on earth цирк тодорхой хугацаанд хаагдаж байгаад дахин нээлтээ хийхээр ажиллаж эхэллээ. Мөн энэ шоуны Хөгжмийн зохиолчоор ажиллах хүнд бөгөөд хариуцлагатай ажилд томилогдлоо. Ингээд Монгол хөгжмийн зохиолчийн хөгжим дэлхийн тайзуудаар сонсогдох нь ээ. Маш их баяртай байна" хэмээн бичиж, баяр хөөрөө хуваалцжээ.
АНУ-д ажиллаж амьдарч байхдаа "Металлика", "U2", Алишиа Кейс, Арета Франклин, Стиви Вондэр, Пийбо Брайсон зэрэг ододтой нэг тайзнаа тоглож, дуучин Арета Франклины төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагчаар ажиллаж байсан Б.Чинбат нүүдлийн цирк болох "Ringling Brothers and Bailey" мөн ажиллаж байсан.
2009 онд Нью-Йорк хотноо болсон Нельсон Манделад хүндэтгэл үзүүлэх "Mandela Day" тоглолт, "Radio City Music Hall"-д болсон "Rock and Roll Hall of Fame" 25 жилийн ойн тоглолтод оролцож, хэдийнэ АНУ-д данстай хөгжмийн зохиолч болохоо тэрбээр харуулсан. Өнөөдрийн баярт мэдээ ч үүнийг нотолж буй. Дуучин, хөгжимчин Б.Чинбатдаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье ээ.