“Оюутолгой” ХХК-ийн төслийн талбайд энэ жил гурван монгол хүн амь насаа алдсан талаар өмнө нь бид мэдээлсэн. Өнгөрсөн сарын 19-нд тус компанийн “Чайна кемп”-ийн гал тогоонд ажилладаг нэгэн монгол иргэн нас барсан хэрэг ямар учир шалтгаантай, хэн түүнийг хөнөөв, тэрбээр хэн нэгэнтэй өс хонзонтой байсан уу гэх мэт олон асуудал ээдрээтэй хэвээр байна.
Албаны эх сурвалж “ Хэргийн газраас ямар нэг сэжигтэй эд мөрийн баримт, ул мөр олдоогүй. Тиймээс гаднын нөлөөтэй гэж үзэх боломжгүй. Хамт ажилладаг хүмүүс нь амиа хорлох учиргүй гэдэг юм. Юутай ч шүүхийн шинжилгээний хариуг хүлээж байгаа. Гэхдээ энэ шинжилгээгээр түүнийг хүн хөнөөж үү, эсвэл амиа хорлож уу гэдэг нь тодорхой болохгүй. Харин ямар эд эрхтэнд, хэрхэн нөлөөлснөөс амиа алдсан нь тогтоогдоно” гэв.
Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хийсэн шинжилгээгээр амьсгалын замын хурц дутмагшил амь насаа алдахад хүргэсэн гэж гарчээ.
Х.СҮРЭН