Дональд Трамп дөрөвдүгээр сарын 4-нд эрүүгийн хэрэг үйлдсэн АНУ-ын анхны Ерөнхийлөгч асан болов. Ийн буруутгагдсаныхаа дараа тэрбээр АНУ-аа гуравдахь ертөнцийн орон гэж нэрлээд, 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоход нь саад хийх улс төрийн сэдлээр мөрдөн мөшгөсөн дайснуудаа шүүмжиллээ. АНУ-ыг гурав дахь ертөнцийн улстай зүйрлэсэн нь тэр дороо олны анхаарал татсан юм.
ХХI зууны эхний 20 гаруйхан жилийн дотор 78 улсын удирдагч байсан хүмүүс огцорсныхоо дараа эрүүгийн хэрэгт холбогдсон байх юм. Торны цаана суусан хүн ч тэдний дотор бий. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн нь буруутай гэдэгт эргэлзэх хүн үгүй болсон тохиолдолд ч Америк урьд нь тэднийг мөрдөн шалгадаггүй байжээ. Ийм хүлцэнгүй байдал нь улс орныхоо байдлыг тогтворгүй болгохоос сэргийлж, тэртэй тэргүй туйлширсан нийгмээ эсрэг, тэсрэг хоёр хэсэгт хуваагдахаас болгоомжилсных байв. 1974 онд өөрт нь халаагаа өгсөн Ричард Никсон Уотергейтийн хэрэгт холбогдоход өршөөл үзүүлэхдээ АНУ-ын 38 дахь Ерөнхийлөгч Жеральд Форд чухам энэ зарчмыг удирдлага болгосон байдаг. “Энэ улсад арай хийн бий болгосон амгалан тайван байдал алга болно” гэж өөрийн гаргасан шийдвэрийг тэрбээр тайлбарласан юм.
Дэлхий дахины төр, засгийн тэргүүнийг мөрдөж мөшгөсөн түүхийг судалсан Вашингтоны их сургуулийн улс төр судлаач Виктор Менальдо, Жеймс Лонг, Морган Вак нар “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нь ердийн хүмүүс биш. Улс орноо удирдуулах гэж тэднийг иргэд юм уу, улс төрийн намууд сонгодог. Тэд ихэнхдээ ард олон дотроо нэр алдартай байдгаас тэднийг мөрдөн мөшгөх нь нийгмийг гарцаагүй хуваадаг” гэж үзсэн байдаг. Үүний эсрэг, хашиж буй албаасаа үл хамааран бүгд хуулийн өмнө тэгш байх ёстой гэдэг зарчим бас бий. Удирдагч байсан хүмүүсээ мөрдөн шалгахаас татгалзах нь тэднийг хуулийн дээр тавиад зогсохгүй халааг нь авагчдад мөн ингэж хандахад хүргэнэ.
Ажил үүргээ гүйцэтгэж байсан төр, засгийн тэргүүн нар ихэнхдээ халдашгүй дархан эрхтэй байдаг тул тэд хууль зөрчсөн тохиолдолд бүрэн эрх нь дууссаны дараа л хэрэгт татагдаж, буруутгагддаг. Огцорсныхоо дараа хэрэгтний сандалд суухаас айхын эрхэнд олон улстөрч, ялангуяа Африкт ихээхэн түгээмэл байдаг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс нь хэдэн арван жилээр эрх мэдлээс зууралддаг. Тэд Үндсэн хуулиа зөрчин, эсвэл түүнийг өөртөө тохируулан өөрчилж, сонгуульд дахин дахин орж, ялж байх нь цөөнгүй.
Бүс нутгаар нь авч үзвэл Латин Америкийн орнуудын удирдагч байсан хүмүүс эрүүгийн хэрэгт өртөж, торны цаана суудгаараа толгой цохидог. Жишээг холоос эрэх хэрэггүй, тэндээ томоохонд орох Бразилын Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Хөдөлмөрчдийн намын тэргүүн Луис Инасиу Лула ди Силва хээл хахуулийн хэргээр 12 жил хоригдох ял авч байсан юм. Олон сая бразил хүн, мэдээж түүнийг дэмжигчид нь энэ хэргийг, оноосон ялыг улс төрийн шинж чанартай гэж үздэг. Тэрбээр 2019 онд суллагдаж, өнгөрсөн онд сонгуульд оролцож ялалт байгуулсан. Жилийн дараа Лулад ял өгсөн прокуроруудын баг Бразилын бас нэг Ерөнхийлөгч Мишел Темерийг мөн хахуулийн хэрэгт буруутгав. Түүнийг атомын цахилгаан станц барих гэрээ байгуулж нэг сая реал (260 мянган ам.доллар) хахуульд авсан гэж үзсэн. Ерөнхийлөгчийн ажлаа өгснийх нь дараа 2019 оны гуравдугаар сард баривчилж, хоёр жил болоод цагаатгасан. Авлигын хэрэгт буруутгагдсан Бразилын гурав дахь Ерөнхийлөгч нь хатагтай Дилма Русефф. Түүнийг 2016 онд Ерөнхийлөгчөөс нь огцруулсан. БРИКС-ийн банкийг саяхнаас удирдахад нь түүнд энэ огт саад болоогүй.
Тивдээ хэмжээгээрээ хоёрт ордог хөрш Аргентинд нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч асан Кристина Элисабет Фернандес дэ Киршнер нь авлигын хэргээр зургаан жилийн ял авлаа. Энэ нь тэрбээр 2007-2015 онд Ерөнхийлөгч, 2019 оны арванхоёрдугаар сараас Дэд Ерөнхийлөгч байхдаа хийсэн хэрэгтэй нь холбоотой юм. Кристина Киршнер халдашгүй эрхтэй байснаас шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж чадахгүй, Төрийн тэргүүний орлогчийн ажлаа хийсээр байв.
Мексик бол Бразилын яг эсрэг, тогтвортой байдлыг хуулиас дээгүүр тавина. ХХ зуунд тус улсыг үндсэндээ хувьсгалт нам жолоодож байсан, энэ үед нүүр тал харах явдал, авлига ид цэцэглэсэн гэдэг. 2012-2018 онд тус улсын Ерөнхийлөгч байсан Энрике Пенья Ньетогийн эсрэг хэд хэдэн хэрэг үүсгэсэн тухай мэдээ өнгөрсөн оны наймдугаар сард дуулдав. Түүнийг мөнгө угаасан, сонгуулийн үеэр луйвар хийсэн, түүнчлэн нөгөө л авлига авсан гэж буруутгажээ.
Перу улс зэс үйлдвэрлэлээр дэлхийд хоёрт ордог, Латин Америкт эдийн засаг нь олон жил хамгийн хурдацтай хөгжиж байсан юм. Энэ зууны сүүлийн 25 жилд Ерөнхийлөгчөөр ажилласан бүх хүн нь хэрэгт холбогдсон улс. 2018-2020 онд Перуг тэргүүлж байсан Мартина Вискарру гэгч Мокегуа мужийн амбан захирагч байхдаа барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг хоёр компаниас нийтдээ 2.3 сая соля (640 мянган ам.доллар) авсан хэрэгт орсон. Түүний өмнө 2016-2018 онд Ерөнхийлөгч байсан Педро Пабло Кучински одоогоор гэрийн хорионд байна. Түүнийг Алехандро Толедогийн тэргүүлсэн Засгийн газарт ажиллаж байхдаа Бразилын барилгын компаниас хахууль авч гарын үсэг зурсан гэж Дээд шүүх нь үзэж, гурван жилийн ял өгчээ. Алехандро Толедо ч хахууль авагчдын “хар данс”-ад бичигдсэн нэгэн. Түүнийг мөн Бразилын барилгын “Odebrecht” компаниас 20 сая ам.доллар авсан гэж буруутгасан юм. Одоо Америкт толгой хоргодож буй. Бразилын энэ балагт компанийн мөнгөнөөс хувь хүртсэн хүмүүсийн нэг нь Ольянта Умала бөгөөд 2011 оны сонгуулийн үеэр гурван сая ам.долларыг нь авчихсан юм билээ. 1985-1990, 2006-2014 онд Ерөнхийлөгч байсан Алан Гарсия мөн Бразилын дээрх компаниас ердөө 100 мянган ам.доллар авчихаад 2019 онд шүүхэд очсоноос амиа хорлосон нь дээр гэж үзсэн байдаг. Энэ хүн цагдаа нарыг ирэхэд нь өөрийгөө буудаад эмнэлэгт хүргэгдсэн хойноо амьсгал хураасан гэдэг.
Перугийн Ерөнхийлөгч байхдаа олонд танил болсон гэмт хэрэгтэн бол 1990-2000 онд Төрийг нь тэргүүлж байсан Альберт Фүхимори юм. 25 жилийн ял аваад одоо шоронд хоригдож байгаа. Тэгэхдээ ийм ялыг хахууль авсных нь төлөө л түүнд өгсөн юм биш. Гол нь зүүний сөрөг хүчинтэй тэмцэхийн тулд “үхлийн эскадрон” гээчийг байгуулсан гэж түүнийг буруутгасан юм. Пабло Кучински огцрохынхоо өмнөхөн Фүхиморийг суллуулахыг оролдсон ч чадаагүй. 2022 оны гуравдугаар сарын 17-нд Перугийн Үндсэн хуулийн шүүх 83 настай Фүхиморийг гэрийн хорионд цахилгаан бугуйвчтай байлгахаар болжээ.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчөөр 2009-2018 онд ажилласан Жейкоб Зумаг хувийн зорилгодоо төрийн өмчийг хайр найргүй зарцуулж байсан гэж үздэг. Шүүхэд хүндэтгэлгүй хандсан учир богино хугацаанд “суугаад” гарсан, түүний буруутайг нотолж зохих шийтгэл оноовол ӨАБНУ-ын бусад удирдагчийн хувьд сайн жишиг болох нь эргэлзээгүй.
Засгийн эрх барилцаж буй гэмт хэрэгтнүүдтэйгээ тэмцэж байгаа ч юм шиг, тэмцэхгүй байгаа ч юм шиг хоёрдмол сэтгэгдэл төрүүлдэг улс бол Израил. Нэг талаасаа 2000-2007 онд Ерөнхийлөгч байсан Моше Кацавад 2010 онд долоон жил, 2006-2008 онд Ерөнхий сайдаар ажилласан Эхуд Ольмертад 2014 онд 27 сарын ял өгсөн. Тэднийг хүчингийн болон хээл хахуулийн хэрэгт орооцолдсон, шүүхийн үйл ажиллагаанд саад хийсэн гэж буруутгасан юм. Нөгөө талаас гурван удаа Ерөнхий сайдаар томилогдож, энэ суудалд хамгийн удаан буюу 15 гаруй жил суусан Биньямин Нетаньяху байна. Ерөнхий сайд байхад нь 2019 онд авлигын гурван ч хэрэгт буруутгасан ч тэрбээр одоо ч Израилын Засгийн газрыг тэргүүлж байгаагаар барахгүй өөрийг нь хэрэгтэн гэж үзсэнийг “чөтгөрийн ав” хэмээн нэрлэж буй. Түүнийг буруутан болгож чадвал 10 гаруй жилийн ял хүлээж байна. Ингэтлээ удах биз дээ. Яагаад гэвэл мөрдөн байцаагч, прокуроруудад саад хийхэд Нетаньяху албан тушаалаа чадмаг ашиглаж байгаа юм.
Азид хууль зөрчдөг удирдагчдаараа Өмнөд Солонгос хүчтэй “өрсөлдөгч”. Сүүлийн 25 жилд эднийх Ерөнхийлөгч байсан таван хүндээ ял өгчихөөд байгаа. 2008-2013 оны Ерөнхийлөгч Ли Мен Бакийг шоронд суулгаад удаагүй байхдаа дараагийн (2013-2017) Пак Гын Хег буруутгасан. Дэлхийн эрх мэдэлтэй хүмүүсийн л өртдөг авлига, хээл хахууль, албан тушаалаа буруугаар ашигласны зэрэгцээ Пак хатагтайг Төрийн тэргүүн хүнд ховор тохиолддог төрийн нууц задалсан гэж үзсэн байдаг. Ингээд түүнийг 24 жил шоронд суулгаж 18 тэрбум вон (17.5 сая ам.доллар)-оор торгохоор болсон. Таван жилийн ялаа эдлээд байхад нь Ерөнхийлөгч асан Мүн Же Ин өршөөл үзүүлсэн. Энэ Ерөнхийлөгч 2020 онд 17 жилийн ял авсан Ли Мен Бакт ч мөн ийн хандсан юм. Лигийн өмнөх Но Му Хён (2003-2008) мөрдөн шалгуулж байхдаа амиа хорлож хорвоог орхисон. Түүнийг нэгэн бизнесменээс зургаан сая гаруй ам.доллар авсан гэж буруутгаж байсан юм.
Европт ч зүгээр байгаагүй. ХБНГУ-ын Канцлер асан Герхард Шрёдерийг Оростой хэтэрхий дотно холбоотой байсан гэж, Британийн Ерөнхийлөгч асан Борис Жонсоныг цар тахал ид тархаж байхад Даунинг стрийт-10 дахь өргөөндөө бүжиг наадам зохион байгуулсан хэмээн буруутгаж л байв даа.
Жижигхэн Исландын Засгийн газрыг тэргүүлж (2006-2009) байсан Гейр Хаардег 2008 оны санхүүгийн хямралд ганцааранг нь буруутгаж, ажлаа муу хийсэн гэж үзсэн. Огцорсон хоёр Ерөнхийлөгчөө айхавтар мөрдөн мөшгөсөн Францыг хууль дээдлэгчид эргэж санах дуртай байдаг. Албаа өгсний дараа Николя Саркози хэл аманд оржээ. 2007-2012 онд төр тэргүүлсэн түүнийг албан тушаалаа ашигласан, хахууль авсан гэж үзэж 2014 оны эхний өдөр цагдаа нар саатуулсан. 2016 оны эхээр Саркозийг сонгуулийн кампанит ажлаа хууль бусаар санхүүжүүлсэн хэмээн шинээр мөрдөж эхэлсэн юм. Түүнийг Ливийн удирдагч Муаммар Каддафигаас мөнгө авсан гэж үзэж 2021 оны гуравдугаар сарын 1-нд гурван жилийн ял оноов. Гэлээ ч Саркози шоронд ганц ч хоноогүйгээр барахгүй давж заалдаад цахилгаан бугуйвч зүүн гэрийн хорионд байхаар болов. 1995-2007 онд Францын Ерөнхийлөгч байсан Жак Ширак албан тушаалаа арилжиж, хүмүүсийн итгэл хийгээд өөрийн албан тушаалыг буруугаар ашиглаж, хотын дарга байхдаа хөрөнгө үр ашиггүй зарцуулсан учир 2011 онд хоёр жилийн тэнсэн харгалзах ял авчээ.
Францын Ерөнхийлөгчдөөс гадна хоёр ч Ерөнхий сайд асан нь шүүхийн шийдвэр сонсож байлаа. Ален Жюппе 14 сар тэнсэн харгалзах ял авснаар Николя Саркозигийн Засгийн газарт Гадаад хэргийн яамыг нь толгойлох аз дутсан байна. Николя Саркозигийн үед Засгийн газрыг тэргүүлж асан Франсуа Фийон таван жилийн ял сонссон юм. Давж заалдсанаар өнгөрсөн онд ялыг нь бага зэрэг хөнгөлж, нэг жил шоронд хорих, гурван жилийг нь тэнсэн харгалзах болгов. Хэрэв шүүгч ялыг нь гэрийн хориогоор соливол энэ бүхнийг эдлэхгүй байх боломж ч олдож мэдэхээр байгаа юм.