Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс санаачлан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” нөлөөллийн арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба, Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төв, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Монголын авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбоотой хамтран энэ оны дөрөвдүгээр сарын 7 өдөр Улаанбаатар хотод эхлүүлж, зургадугаар сарын 16-нийг хүртэл 2 сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгууллаа.
“ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагуудын захирал, багш, суралцагч нарын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Дэвжээ” тэмцээнийг бүсчилсэн хэлбэрээр тавдугаар сарын 17-оос зургадугаар сарын 16-ний өөр хүртэл зохион байгуулж шилдгүүдээ шалгаруулсан. Дэвжээ тэмцээний баруун бүсийн шалгаруулалт Ховд аймагт, Зүүн бүсийх Хэнтий аймагт, Төв Хангайн бүс Орхон аймагт, Нийслэлийн 6 дүүрэг Хан-уул дүүрэгт, Говийн болон нийслэлийн алслагдсан дүүргүүд Өмнөговь аймагт тус тус болж, финалын шатанд оролцох эрхээ авсан юм.
Бүс бүрээс шалгарсан нийт 5 багийн эцсийн шалгаруулалт болон “ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” нөлөөллийн арга хэмжээний улсын сургалт, зөвлөгөөнийг 06 дугаар сарын 16-ний өдөр нийслэлийн Багануур дүүрэгт амжилттай зохион байгууллаа. Монгол Улсын хэмжээнд анх удаагаа тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагуудын дунд зохиогдсон “Дэвжээ” тэмцээний финалын шатны шилдгүүдээр Хэнтий, Өмнөговь аймгууд тусгай байрт шалгарсан бол Дархан-Уул аймаг гуравдугаар байр, Ховд аймаг дэд байр, Нийслэлийн Сүхбаатар дүүрэг тэргүүн байр эзэллээ.
“Дэвжээ” тэмцээний зорилго нь тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагуудын багш ажилчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, замын хөдөлгөөний соёлыг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хөдөлгөөнд оролцогчдын хувь хүний хандлага, ур чадварыг сайжруулахад оршиж байгаа юм. Мөн тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хууль, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, багш, суралцагч нарын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлснээр чанартай, замын хөдөлгөөний соёлыг эрхэмлэсэн, хариуцлагатай жолооч бэлтгэгдэн гарах эерэг хандлагыг бий болгох юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс “Дэвжээ” тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.