Сорогдогийн Жаргалсайханы зохиолоор М.Батболд найруулсан "Шөнө дундын бүжиг" жүжгийг үзэх гэсэн олны цуваа тасрахгүй байна. Тодруулбал,“Орфей” театрынхан “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлж, “Шөнө дундын бүжиг” жүжгийг зургадугаар сарын 2-ноос Улаанбаатар” зочид буудлын их танхимд 11 үдшийн турш хүргэсэн билээ. Өдгөө жүжиг тайзнаас буусан ч иргэд тус жүжгийг үзэх хүсэлтээ илэрхийлсээр байгаа аж. Тиймээс "Шөнө дундын бүжиг" жүжгийг энэ сарын 23-29-нд дахин тоглохоор болжээ. “Шөнө дундын бүжиг” жүжгийн ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, Ж.Билгүүн, ерөнхий найруулагчаар М.Батболд ажиллаж буй. Дүрүүдэд, Амигод Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Шубирад жүжигчин Д.Асардарь, Хавхад Т.Сэргэлэн, Дудраад С.Батзориг, Анкад залуу жүжигчин Н.Нархажид, Цэнгэлийн дүрд загвар өмсөгч С.Төгс нар тоглож байгаа юм.
...Улаанбаатар зочид буудлын Их танхим бороо шаагина. Усан бороо уйтайхан шавшиж, Шубира нимгэн даашинзтай ч дагжиж чичрэхийг үл мэдэн, бас цуцаж эцэхээ үзэхгүй гүйнэ. Хаашаа тэр яарна вэ, хэн рүү тэр тэмүүлнэ вэ. Бороо, дарс, үнэртэн. Гарт байсан цэцэгс газарт унана. Тэгээд цус. Үзэгчид харин амьсгал даран адал явдал хэрхэн өрнөхийг хүлээх нь даажинтай...