“Соёлын сэргэлт 2023” аян өчигдөр Дорноговь аймагт нээлтээ хийжээ. Улмаар өнөөдөр соёлын яамныхан “Эртэч өглөө” уулзалт хийж, Их хаадын тамганы талаар лекц уншиж, Дорнын говийн залуус мэндчилгээ дэвшүүлж, ирсэн зочид харилцан ном солилцсон байна.
Соёлын яамныхан “Соёлын сэргэлт 2023” аян хүрээнд очсон аймаг бүрээсээ нэгэн уран бүтээлчийг онцолж буй. Энэ удаад Хүүхэд шуугьсан их өргөөний эзэн дуу хөгжмийн багш Б.Баттайванг онцолжээ. Б.Баттайван Дорноговь аймгийн хүүхдүүдийг урлагт хөтөлж яваа нэгэн. Тэрээр Дорноговь аймгийн хэмжээнд анхны үндэсний хөгжим, төгөлдөр хуур, хийл, гитар хөгжмийн “Ивээл” сургалтын төвийг байгуулж сурагчдыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч ажиллаж байгаа бөгөөд 2018 оноос OPEN MIC өдөрлөгийг аймагтаа тогтмол зохион байгуулж байна.
Б.Баттайван багш урлагаар хүмүүжсэн хүүхэд хэзээ ч муу хүн болдоггүй, хамгийн зөв, хамгийн хичээнгүй, нээлттэй хүүхэд болж төлөвшдөг тухай ярьж байлаа. Орон нутагт мэргэжлийн хөгжмийн багш нар дутмаг байгааг анзаарсан Б.Баттайван багш Дорноговь аймгийнхаа ЗДТГ-тай хамтран бодлогоор хөгжмийн багшийг бэлтгэж эхэлсэн байна. Мөн түүний байгуулсан 10 жилийн ойтойгоо золгож буй үндэсний хөгжмийн "Болор эгшиглэн" хамтлагаас СУИС-д тэнцсэн 6 оюутанд 100 хувийн тэтгэлэг олгож, орон нутагтаа 5 жил ажиллах гэрээтэйгээр суралцуулж байна.
Урлаг бол хүн төрөлхтнийг соён гэгээрэлд хөтлөх гэрэлт зам байх учиртай. Тиймээс урлагийг хөгжүүлэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор багшийнхаа нэрэмжит НАМСРАЙН БАТНАСАН САН байгуулж гүйцэтгэх захирлаар нь ажиллаж эхэлжээ. Дорнын их говийн хүү, урлагт өөрийн сэтгэл хөдөлмөрөө зориулж яваа Б.Баттайван багш Дорноговь аймгийн соёлын элч билээ.