БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдэл гаргажээ. Тодорхой хэлбэл, мэдэгдэлд 2023 оны зургадугаар сарын 13-ны өдрийн “3 настай өвчтэй хүүг цонхгүй өрөөнд хорьж байна гэсэн нийтлэлд тайлбар хүргүүлж байна. Дээрх нийтлэлд бодит байдлыг зөвөөр тусгаагүй, Хууль зүйн яамнаас шалтгааныг тайлбарлаж байр сууриа илэрхийлсэн ч нэг талыг баримталсан тул ийнхүү албан ёсны мэдэгдэл хүргүүлж байна. Тус иргэн нь 2 жил 3 сарын хугацаанд БНСУ-д хууль бусаар оршин суух хугацаандаа зөвшөөрөлгүйгээр автомашин жолоодож байгаад 2023 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Сүвон хотын цагаачлалын албаныханд саатуулагдсан. Саатуулагдсан даруйд хүүхдийн хамт буцах боломж байсан ч албадан гаргах ажиллагаанд хамтарч ажиллаагүйн улмаас 18 хоногийн дараа буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр нутаг буцсан юм.
Юун түрүүнд Хүүхэд хамгааллын тухайд тус иргэн нь хүүхдээ “Хүүхэд хамгаалах төв” рүү явуулах хүсэлт гаргаагүй ба таньдаг хүндээ харуулах хүсэлтийн дагуу холбогдсон ч тухайн хүн харахаас татгалзсан тул тус иргэнтэй зөвшилцсөний үндсэн дээр “Гадаад иргэнийг хамгаалах журмын 4-р зүйл”-ийн дагуу хүүхэдтэй нь хамт байлгахаар болсон. “Хүүхэд хамгаалах төвд явуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, саатуулах бичигт хүчээр гарын үсэг зуруулсан” гэсэн нийтлэл нь үнэнд нийцэхгүй болно.
Хамгаалах орчны тухайд хүүхдийг хамгаалах байранд ороход "Ковид-19" цар тахлын хорио цээрийн журмын дагуу 3 хоног тусгаарлалтад (зоорины давхар буюу B1 давхар) байсан ба 72 цагийн дараа түр саатуулах гэрэлтүүлэг, агааржуулалт сайтай үндсэн байранд шилжүүлсэн. Хүүхдийн хоолоор хангах, хүүхдийн зурагт ном олгох, гар утас эзэмшихийг зөвшөөрөх зэрэг арга хэмжээ авч ажилласан. “Цонхгүй хагас подвалд долоо хоног хорьсон” гэсэн нийтлэл нь үнэнтэй харшилж байна.
Хүүхдийн эрүүл мэндийн тухайд тус иргэний хүсэлтийн дагуу эмнэлгийн үзлэгт 3 удаа хамруулсан ба тусгай эмчилгээ шаардлагагүй гэсэн эмчийн дүгнэлт гарсан тул журмын дагуу чөлөөлөөгүй. “Хүүхдийн эрүүл мэнд эрсдэлтэй байхад арга хэмжээ авалгүйгээр саатуулах байрнаас түр чөлөөлөхөөс татгалзсан” гэсэн нийтлэл нь үндэслэлгүй болно.
Албадан гаргах нөхцөлийн тухайд тус иргэнийг журмын дагуу Хүний эрхийн комисст гомдол гаргахаас өмнө тухайн улсын дипломат төлөөлөгчийн газартай зөвшилцөж, гадаад паспортыг олгож албадан гаргах бэлтгэл ажлыг хангасны дараа албадан гаргах ажиллагааг гүйцэтгэсэн. Хүний эрхийн комисст гомдол гаргасны дараа албадан гаргах арга хэмжээ авсан мэт нийтэлсэн нь үнэнтэй огт нийцэхгүй байна хэмээн дурджээ.