Эмээлт эко аж үйлдвэрийн парк НӨААТҮГ-ийн техник, эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ боловсруулжээ.
Ингэхдээ 5600 гаруй ажлын байрыг шинээр бий болгох аж үйлдвэрийн паркийн цогц төлөвлөлтийг хийж гүйцэтгэсэн байна. Тодруулбал, ажил хэрэг, олон нийтийн бүс нь 10.9 га талбайг хамрах бөгөөд оффис, лаборатори, сургалтын төв, үзэсгэлэн худалдаа, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, худалдаа үйлчилгээ, гар урлал зэрэг багтана. Үйлдвэр, агуулахын бүс нь нийт 17.3 га талбайд хүнсний агуулах, хөргүүртэй агуулах, гүн хөлдөөх агуулах, химийн агуулах зэргээс бүрдэх юм. Харин орон сууцны хорооллыг 4.3 га талбайд 2160 оршин суугч бүхий тохилог орон сууцны хороолол болон 120 хүүхдийн хоёр цэцэрлэгтэй байхаар төлөвлөжээ. Мөн 38.6 га талбайд жилд 25,584 тонн мах, 98,437 тонн дайвар бүтээгдэхүүн боловсруулах, 2142 тонн ноолуур самнах, 2904 тонн ноос самнах, 7.5 сая арьс шир боловсруулах үйлдвэрүүд байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн дугуйн замын урт 20.1 км байх бөгөөд стандартын дагуу амрах, талбай зогсоол, аюулгүй байдлыг хангасан тоноглол тэмдэг тэмдэглэгээтэй байна.
Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд дэлхийн жишигт нийцсэн хөдөө аж ахуйн паркийг байгуулах замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн зорилготой. Мөн байгаль орчинд ээлтэй мал аж ахуй, газар тариалан, тээвэр, логистик, худалдааны төв, агуулахын аж ахуй, бизнес инкубатор, үйлдвэрийн сургалтын төв, хөнгөн үйлдвэр, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа, үнэлгээ хийх зэргээр өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс