Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, ахлах байлдагч Б.Баттүшиг өнөөдөр ШУТИС-ийн төгсөгчдийн баярт чөлөөгөөр оролцож, мэргэжлийнхээ дипломыг гардан авлаа.
Тэрээр ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийг “Сэргээгдэх эрчим хүчний инженер” мэргэжлээр дүүргэсэн бөгөөд цэргийн алба хааж буй хугацаандаа цахимаар суралцаж, дипломын ажлаа амжилттай хамгаалсан хоёрдох тохиолдол боллоо.
Ташрамд дуулгахад өнгөрсөн 1 дүгээр сард мөн тус ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч А.Амар цэргийн алба хаах хугацаандаа цахимаар суралцаж ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийг "Цахилгаан хангамж" мэргэжлээр дүүргэж байсан юм.
Ийнхүү Зэвсэгт хүчинд хугацаат цэргийн албаа хаангаа их, дээд сургуульд цахимаар суралцах, дипломын ажлаа хамгаалах, гадаадын их сургуулийн тэтгэлэгт өрсөлдөх, элсэлтийн болон төрийн албаны шалгалтад бэлтгэх зэрэг олон боломж байдгийг ахлах байлдагч Б.Баттүшиг, байлдагч А.Амар нар өөрсдийн биеэр батлан харууллаа.
Эх сурвалж: "Соёмбо" редакц, дэслэгч Ө.Насантогтох