Харилцаа, холбооны зохицуулах хороо, Олон улсын цахилгаан холбооны байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Цахим орчны хүүхэд хамгаалал 2023” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Монголд хүүхдийн эрхийг цахим орчинд хэрхэн хамгаалах, цахим орчинд тулгарч буй эрсдэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, шийдэл гаргах, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой дээрх хэлэлцүүлэгт Засгийн газар, төрийн болон иргэний, олон улсын байгууллага, эцэг, эх, багш нарын төлөөлөл болон хүүхдүүд оролцсон байна. Эцэг, эхийн хараа хяналт сул байдгаас хүүхдүүд гэртээ олон цагаар утсаа үзэн, цахим гадуурхалтад өртөх, гэмт хэргийг золиос болох эрсдэл үүсдэг аж.
Шөнө болтол утсаа оролдсон хүүхэд өдөртөө хичээлдээ төвлөрч чаддаггүй, ядарч нойрмоглодог зэрэг нь амжилттай суралцахад саад болж буйг дээрх чуулганд оролцогчид онцоллоо. Дэлгэцийн хамааралтай, гар утасны хэрэглээ өндөртэй хүүхдүүд уур бухимдалтай, сэтгэл зүйн дарамтад өртөмтгий болдог байна. Тиймээс эцэг, эхчүүд хараа хяналтаа сайжруулж, хүүхдүүдээ ажиглаж, шаардлагатай тохиолдолд сэтгэлзүйчийн зөвлөгөө авах хэрэгтэйг сэтгэл судлаачид дурдсан юм. Түүнчлэн цахим орчны аюулгүй байдлын талаар хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцах, эрсдэл үүссэн тохиолдолд хэнд хандахыг нь хэлж өгөхийн зэрэгцээ ekids.mn цахим хуудаснаас дэлгэрэнгүй зөвлөгөө авч болох гэнэ.