Харилцаа холбооны зохицуулах хороо Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Цахим орчны хүүхэд хамгаалал 2023” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.
Энэхүү хэлэлцүүлэг нь Төр, иргэний нийгмийн болон олон улсын байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхдүүдийн төлөөлөл хамтран Монгол Улсад цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлаар санал солилцох, хүүхдэд цахим орчинд тулгарч буй эрсдэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, зөвлөмж, шийдлүүдийг санал болгож, талуудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
Хэлэлцүүлэг арга хэмжээг нээж Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Б.Баярсайхан, Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулаг Тапан Мишра нар үг хэллээ. Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, хүүхэд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч зэрэг тал бүрийн төлөөлөл бүхий 85 оролцогч танхимаар оролцож, аймаг, дүүргийн Цагдаагийн газар, ГБХЗХГ, Боловсролын газрын хүүхэд хамгааллын 120 мэргэжилтнүүд цахимаар оролцож байна.
Эх сурвалж: ХХЗХ