Сүхбаатар дүүргийн XIX хорооны нутаг дахь Хандгайт, Санзайн зуслан руу явах зам дагуу буюу Дондогдуламын рашааны ойролцоо гүний болон зөөлрүүлсэн, цэвэршүүлсэн ус авч болох автомат худгийг ашиглалтад оруулжээ. Улсын хэмжээнд 850 автомат худаг ашиглалтад оруулсан “Баялаг говь” компанийнхан үүнийг барьсан гэнэ. Түүнчлэн энэ нь ус цэвэршүүлэх, зөөлрүүлэх төхөөрөмж бүхий анхны худаг болжээ. Иргэд картаа ашиглан үйлчлүүлэх бөгөөд гүний усны үнэ бусад худгийнхтай адил буюу литр нь 6.8, зөөлрүүлсэн нь 8.6 төгрөг аж. Харин цэвэршүүлсэн усыг иргэд баллонд хийж авч болох бөгөөд 19 литр орчмыг нь 1500 төгрөгөөр худалдах гэнэ.