ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон "Сэтгэл зүйн хөдөлгөөнт бүлэг"-ийнхэн зургаадугаар сарын 13-ны өдөр БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангид ажиллаж байна.
Арга хэмжээний эхэнд бүлгийн удирдагч буюу Зэвсэгт хүчний Жанжин штабын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга, хурандаа Ү.Хүрлээ Зэвсэгт хүчинд алба хааж буй офицер, ахлагч, ажилтан албан хаагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд нэгтгэл, ангиудад ажиллаж байгааг онцолж, цаашид гарах үр дүнг нь тодотголоо.
Үүний дараа бүлгийн багш нар ангийн офицер, ахлагч нарыг 6 хэсэгт хуваарилан дасгал ажил гүйцэтгүүлж, сэтгэл зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулсан юм. Ингэхдээ “Хамт олны сэтгэл зүй”, “Харилцааны сэтгэл зүй”, “EQ”, “Зөрчил маргааны сэтгэл зүй”, “Цаг ашиглах чадварын сэтгэл зүй” зэрэг 5 төрлийн оношилгоо сургалтыг зохион байгуулж, хичээлийн төгсгөл бүрт хувь хүний сэтгэл зүйд тохирсон заавар, зөвлөгөө хүргэсэн нь алба хаагчдын талархлыг хүлээж байсан юм.
Мөн сургалтад оролцогчдын дунд анхаарлаа бүрэн хандуулах, эерэг уур амьсгалыг бий болгох, өөрийнхөөрөө чөлөөтэй оролцох боломжийг нь бүрдүүлэх зорилгоор нүүр хагарах хичээлийг явуулсан нь үр дүнтэй арга байсан юм.
Сургалтыг зохион байгуулагчдад ангийн удирдлагууд талархсанаа илэрхийлж сэтгэл зүйн тогтвортой байдал, итгэл үнэмшил гэдэг цэргийн хүнд хамгийн чухал байдгийг онцолж, хичээлээр олж авсан мэдлэгээ ажил, амьдрал дээрээ хэрэгжүүлэхийг бүрэлдэхүүнд захисан юм.