Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс арилжааны банкуудын олгож буй ипотекийн зээлийн шимтгэл 1 хувь авч байгааг хууль бус гэж үзлээ. ШӨХТГ-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу шүүх 2023 оны зургадугаар сарын 13-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, арилжааны банкуудын ипотекийн зээл олголтын шимтгэлийг 1 хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй, хууль бус гэж үзлээ.
Улсын дээд шүүх уг шийдвэрийг хууль ёсных гэж үзвэл ипотекийн зээлтэй 110 мянган иргэн 1 хувиа банкуудаас буцаан нэхэмжлэх боломжтой болно. Энэ нь ипотекийн зээлтэй, зээл авах гэж буй иргэн бүрт хамаатай шийдвэр. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монголын хуульчдын холбоонд хүсэлт тавьж банк санхүүгийн чиглэлээр мэргэшсэн Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч О.Батхүү, С.Ялалт, Цэнгэл, Чинбат нартай гэрээ байгуулж, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авч хамтран ажиллажээ. Шүүх хурлын дараа шадар сайд С.Амарсайхан "Ипотекийн найман хувь зээлтэй 65.000 айлын зээлийн хүүг зургаан хувь болгон бууруулах асуудал ч үргэлжилнэ" гэж мэдэгдлээ.
.