Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхий зөн олон улсын байгууллага хамтран “Нийгмийн шударга ёсыг бэхжүүлье! Хүүхдийн хөдөлмөрийг устгая!” бодлогын хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. Хэлэлцүүлгээр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 8 дугаар зорилгын хүрээнд хүүхдийн хөдөлмөрийн бүх хэлбэрийг 2024 он гэхэд бүрмөсөн устгах 8.7-р зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын гаргасан ахиц дэвшил, тулгамдаж буй бэрхшээлийг тодорхойлж, цаашдын шийдэл зөвлөмжийг гаргах юм. Бодлогын зөвлөгөөний үеэр Үндэсний Статистикийн Хороо ОУХБ-ын дэмжлэгээр хийсэн Хүүхдийн хөдөлмөрийн судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулсан. Судалгаагаар манай улсад 138 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн 62.6 хувь нь хөвгүүд байна.
Монгол Улс хүүхдийн хөдөлмөртэй холбоотой үндсэн конвенцуудыг соёрхон баталж, хөдөлмөрийн насны доод хязгаарыг 15 нас байхаар тогтоосон. Мөн 13-14 насны хүүхдийг хөнгөн ажил эрхлэхийг зөвшөөрч, хүүхдэд аюултай ажлын жагсаалтыг баталсан. Түүнчлэн хэлэлцүүлэгт ОУХБ-ын Ази, номхон далайн бүсийн товчооны Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн ахлах мэргэжилтэн Барати Флюг оролцож, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах олон улсын туршлагаас хуваалцлаа.
Уг арга хэмжээг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксел Никэйз, АНУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Матью Ференс, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын үндэсний захирал Б.Болорцэцэг, ОУХБ-ын Ази, номхон далайн бүсийн товчооны Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн ахлах мэргэжилтэн Барати Флюг нар үг хэллээ.