АН-ын бүлгийнхэн өчигдөр ээлжит хуралдаанаа хийж, “Ковид-19”-ийн цар тахлын үеийн төсвийн зарцуулалтын талаар нийтийн сонсгол хийх шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлэхээр болжээ. Цөөнхийн бүлгийн дарга О.Цогтгэрэл хуралдааны талаар мэдээлэл хийхдээ үүнийг онцлохын сацуу АН-ын дарга Л.Гантөмөртэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Хууль, журмын дагуу зээл авч, төлөөд явж байгаа нэгнээ нийгмээрээ буруутгаж байна. Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг тал талаас нь харах хэрэгтэй.
Бидний хувьд Л.Гантөмөр даргын хүүхэд зохих шаардлагыг хангасан учраас тус сангаас зээл авсан гэдэг мэдээлэлтэй байгаа. Сөрөг хүчнээ энэ мэтээр намнаж, харлуулдаг болчихож” хэмээлээ. Мөн Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоохоор байгуулсан хянан шалгах түр хороо сонсгол зохион байгуулалгүй, үр дүнд хүрэлгүй ажиллах хугацаагаа дуусгасныг шүүмжилсэн юм.