Хүүхдүүдийн тоглох аюулгүй, таатай орчин бий болгох зорилгоор гагнуурчид нэгдэн, тоглоомын талбайг сэргээн засах “Ирээдүй” сайн дурын аян эхлүүлжээ. Тохижуулах шаардлагатай газруудын мэдээллийг иргэдээс авч, энэ сарын 20-27-нд аянаа зохион байгуулахаар товлосон байна. Үүний дагуу иргэдээс мэдээлэл ирүүлж буйн сацуу техникийн тусламж үзүүлэн дэмжихээ илэрхийлж байгаа аж. Нийслэлийн Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам “Энэ оны байдлаар Улаанбаатарын хэмжээнд стандартын шаардлага хангахгүй, хүүхдэд эрсдэлтэй тоглоомын талбай 976 байна. Үүнээс 2023 онд 487 талбайг нь стандартад нийцүүлэн тохижуулна” хэмээн мэдээлж байсан билээ. Дээрх аяныг зохион байгуулагчаар Д.Машбат ажиллаж буй бөгөөд 95115862 дугаарын утсаар холбогдох боломжтой.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн