Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд Ховд аймагт ажиллалаа.
Батлан хамгаалахын сайдыг тус аймагт хүрэлцэн ирэхэд Ховд Цэргийн хүрээний хүндэт харуул угтан авсны дараа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн штабын байр, алдрын танхим, цэргийн гал тогоо, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчдын алба хааж буй орчин нөхцөлтэй танилцаж, санал сэтгэгдлийг нь сонсов.
Үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тусгай салбарт ажиллаж тодорхой асуудлуудыг шийдлээ.
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хувьд Хатанбаатар С.Магсаржавын хөшөөт цогцолборыг барьж байгуулсны зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 10,000 мод тарих төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус анги салбарын бие бүрэлдэхүүнтэй уулзаж Засгийн газрын үйл ажиллагаа, салбарын эрх зүйн шинэчлэл, бодлогын хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй ажлууд, алба хаагчдын харилцаа хандлага, ёс зүйн төлөвшил, манлайлал, нийгмийн хамгааллын талаар мэдээлэл өгч, албандаа итгэл үнэмшил дүүрэн, хичээл зүтгэл өндөр байхыг онцлон дурдсан юм. Түүнчлэн хөдөлмөр, зүтгэл, албандаа хандах хандлагаараа бусдадаа үлгэр жишээч зарим алба хаагчдыг салбарын шагналаар шагнаж, нутгийн удирдлагуудад Чингис хааны эш хөрөг, дурсгалын зүйлийг гардууллаа. Мөн тэдгээр анги, салбарын сургалт бэлтгэл, соёл хүмүүжлийн ажил, үйл ажиллагаанд зориулан 64 үйлдэлтэй ухаалаг дэлгэц, албан хэрэгцээнд ашиглагдах ачааны автомашиныг гардуулан өглөө.