Барилга хот байгуулалтын яам “Барилгын чанарын улсын зөвлөгөөн-2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 4 салбар форумыг зохион байгуулж байгаа билээ.
Зургаадугаар сарын 08-ны өдөр “Барилгын материалын үйлдвэрлэл, импортын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал” форумыг зохион байгууллаа.
Форумыг Барилга хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо нээж үг хэллээ. Тэрбээр: форум болон зөвлөгөөнүүд үр дүнгүй байна гэх шүүмжлэл их байдаг ч 2020 онд зохион байгуулсан манай салбарын чанарын зөвлөгөөн үр дүнтэй болсон. Учир нь тус зөвлөгөөнөөс 25 ажлыг хийхээр болж байсан бол өнөөдөр тус ажлуудаа хэрэгжүүлсэн үр дүнтэй байна гэдгийг онцлов. Мөн дотоодын барилгын материал чанарын хувьд стандартын шаардлагууд хангаж байгааг хэллээ. Импортын материалын хувьд өмнө нь бага эрсдэлтэй ангилалд хамаардаг байсан бол одоо дунд эрсдэлтэй ангилал руу оруулж, тохирлын гэрчилгээ, гарал үүслийн баримт бичгийн хяналтыг сайжруулсан. Цаашдаа импортоор орж ирж байгаа барилгын материалыг лабораторийн шинжилгээнд хамруулахаар Замын-Үүд боомтод барилгын материалын хяналтын лаборатори байгуулж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэлээ. Түүнчлэн цаашид дотор орчны будгийн чанарт онцгой анхаарах шаардлага байгааг цохон тэмдэглэв. Тодруулбал сургууль, цэцэрлэгийн засварт чанаргүй будаг ашиглахаас сэргийлж, будгийн ажлыг хүүхдүүд анги танхимдаа цугларахаас 20 иос доошгүй хоногийн өмнө хийж, хатаан, үнэр болон хортой нөлөөллийг бууруулж арилгасан байх ёстойг санууллаа.
Форумаар "Барилгын материалын үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, бодлого, хууль эрх зүй, хамтын ажиллагаа", "Барилгын материалын үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдал", "Импортын барилгын материалын чанар, аюулгүй байдал", "Барилгын материалын салбарын хүний нөөц, цаашдын чиг хандлага"зэрэг үндсэн 4 сэдвийн хүрээнд илтгэлүүд тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Форумаас хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг нэгтгэн зөвлөмж боловсруулан ажиллаж байна.