Барилга хот байгуулалтын сайдын 45 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж, арматур, бетон зуурмаг, бетон эдлэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарт хяналт, шалгалт явуулж байна. Тус ажлын хэсэг импортын арматурын чанар, аюулгүй байдалд шалгалт хийж ажилласан бол хоёр дах шатны шалгалтаа дотоодын арматурын үйлдвэрүүдэд хийлээ. Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг өчигдөр /2023.06.08/-ны өдөр дотоодын арматурын үйлдвэрүүдэд хийсэн хоёр дах шалгалтынхаа дүн мэдээллийг олон нийтэд танилцуулав.
Шалгалтаар “Мэлон гүүд трейдинг”, “Синвоюань” ХХК-иуд хууль зөрчин үйл ажиллагаа явуулж, чанарын шаардлага хангахгүй арматур үйлдвэрлэж буй зөрчлийг илрүүллээ.
Тухайлбал, Барилгын тухай хуулийн 19.1.4-д заасны дагуу тусгай зөвшөөрөлгүй, Барилгын тухай хуулийн 43.1.4-д заасны дагуу технологийн заавар, тохирлын гэрчилгээгүй, Барилгын тухай хуулийн 43.1.7.лабораторийн хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийг баталгаажуулаагүй, Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн урсалтын болон бөхийн хязгаар хангаагүй байжээ.
Мөн “Синвоюань” ХХК-ийн арматурын шошго зүүлт нь Хятад арматурын шошго зүүлттэй ижил, хэрэглэгчдийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх шинж агуулсан байсан гэнэ.
Иймд дээрх аж ахуй нэгж байгууллагуудад зөрчлийн хэрэг үүсгэн, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч, хариуцлага тооцох талаар мэдэгдэл хүргүүллээ. Мөн чанарын шаардлага хангахгүй арматуруудыг дахин боловсруулах чиглэл өглөө. Мөн шаардлага хангахгүй, 360 тонн арматур лацаджээ.