Инновацын тэргүүлэх таван чиглэл болох мэдээллийн, шинэ материалын, сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи, биотехнологи, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн төслүүдийг дэмжиж, “бойжуулах” зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Эрдэм” хакатонд ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн “Артемис” баг түрүүлж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит шагнал, 20 сая төгрөг хүртээд буй. Энэ жилийн уралдааны эцсийн шатанд 30 орчим төсөл шалгарсан бөгөөд шүүгчид эдийн засгийн үр өгөөж, судалгаа хөгжүүлэлт, туршилтын үр дүн зэргийг харгалзан дээрх багийн санаачилгыг шилдгээр өргөмжилж, удаах гурван байрыг нь урамшуулсан юм. “Артемис” багийн гишүүн, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн инновац хариуцсан мэргэжилтэн, ургамлын биотехнологийн лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Г.Оюундарьтай ярилцлаа.
-Биологийн хүрээлэнгийнхэн “Эрдэм” хакатонд амжилттай оролцсоор ирсэн. Энэ удаа тэргүүлсэн төслийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Манай хүрээлэнгийн судлаачид “Эрдэм” хакатонд жил бүр оролцдог. Энэ удаагийнхтай нийлээд дөрвөн төсөл шалгарснаас гурав нь тэргүүн байрын шагнал авсан. 2017 онд түрүүлсэн “BioPlus” барагшуны төслийг өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд зах зээлд олон төрлийн бүтээгдэхүүн нийлүүлсэн. 2020 онд шилдгээр шалгарсан, чонон хармагтай цайны “Бэхэн нүд” төслийг ч мөн амжилттайгаар үргэлжлүүлж, гурван төрлийн бүтээгдэхүүн борлуулж байна. Өнгөрсөн онд дэд байрын шагнал хүртсэн, загасны тэжээлийн “Живэрт” төслийнхөн бүтээгдэхүүнээ хөгжүүлж, зах зээлд нийлүүлэхэд бэлэн болсон. Энэ нь аквариумын загасанд зориулсан тэжээл гэдгээрээ Монголдоо анхдагч, онцгой бүтээгдэхүүн юм. Инновац, мэдлэг шингэсэн эдгээр бүтээгдэхүүн Биологийн хүрээлэнгийн судлаач, эрдэмтдийн нөр их хөдөлмөр, олон жилийн судалгааны үр дүнд бий болсон юм.
“Артемис” төсөл нь арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүний салбарт нэн эрэлттэйд тооцогддог Artemisia annua L. буюу морин шарилж ургамлыг биотехнологийн аргаар ургуулж, түүхий эдийн нөөцийг нь жилийн дөрвөн улиралд тасралтгүй бэлтгэн, Монгол орны брэнд бүтээгдэхүүн бий болгох хэтийн зорилготой. Бид эхний ээлжид морин шарилжийн цэвэр ханд агуулсан, нүүрний нэг удаагийн даавуун маск үйлдвэрлэхээр ажиллаж байна. Манай лаборатори уг ургамлыг сүүлийн долоон жил орчмын хугацаанд судаллаа. Үүнийхээ үр дүнд арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагад шаардлагатай морин шарилжийн түүхий эдийг ургамлын эд, эсийн өсгөврийн аргаар улирал харгалзахгүй бэлтгэх боломжтойг нээсэн юм. Энэ удаагийн уралдаанд миний бие, залуу судлаач Б.Эгшиглэн нар Биологийн хүрээлэнг төлөөлж баг бүрдүүлэн оролцсон ч бидний ард олон судлаач, лабораторийн хамт олон минь байсан. Тэд уралдааны үеэр багаа дэмжиж, мэдээлэл, зөвлөгөө харамгүй өглөө. Мөн хакатоны үеэр сургалт явуулсан багш нарын ч тусламж, дэмжлэг их.
-Төслийн танилцуулгад “Гоо сайхны бүтээгдэхүүний орцод нэн эрэлттэй ургамлын түүхий эдийг жилийн дөрвөн улиралд гарган авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой” гэж бичсэн байсан. Нэн эрэлттэй хэмээн тодотгоод буй энэ ургамлыг илүү дэлгэрэнгүй танилцуулж болох уу?
-Морин шарилж нь Монгол оронд элбэг ургадаг эмийн өндөр ач холбогдолтой, нэг наст ургамал юм. Ангилал зүйн нэр нь Artemisia annua L. бөгөөд “Artemisia” гэдэг нь эрүүлжүүлэх гэсэн утгатай грек үг. Эл ургамлыг Монгол, Төвөд, Энэтхэг, Хятадын уламжлалт анагаах ухаанд 20 гаруй төрлийн өвчнийг анагаахад олон зууны турш ашиглаж ирсэн. Монголчууд үүнийг эрт дээр үеэс нэг наст, зуны, морин шарилж гэх зэргээр нэрлэдэг байсан. Хумхаа өвчний эсрэг голлох үйлчилгээтэй бодис болох артемизинийг морин шарилжаас илрүүлсэн, Хятадын химич Ту Юю хэмээх эрдэмтэн 2015 онд физиологи, анагаахын ухааны салбарын Нобелийн шагнал хүртсэн байдаг. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хийсэн мэргэжлийн фармакологийн судалгаанууд нь эл ургамлын уламжлалт хэрэглээг баталж, олон шинэ амжилт гаргаж, нээлт хийсээр байна. “Ковид-19” өвчний эмчилгээнд хүртэл морин шарилж ашиглаж байсан тухай хэд хэдэн судалгаа бий.
-Энэ төрлийн ургамалд суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгааг аль улсад сайн хийсэн байдаг юм бол?
-Гоо сайхны салбарт Хятад, Солонгос улсын эрдэмтдийн судалгаа тэргүүлж буй. Судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт урагшлахын хэрээр морин шарилж улам эрэлттэй болж байна. Дэлхий дахинд “Mugwort” нэрээр алдаршсан энэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг манай улс импортолдог бөгөөд хэдийн үнэнч хэрэглэгчтэй болсон. Дотоодын түүхий эдийг ашиглаж, өөрсдөө арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр импортыг орлох боломжтой. Мөн илүү хямд үнээр, чанартай бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх ач холбогдолтой.
-Биотехнологийн аргаар гаргаж авсан морин шарилж байгалийнхаас ялгаатай юу. Ашигт чанар, найрлага, бүтэц нь өөрчлөгддөг үү?
-Биотехнологийн аргаар гаргаж авсан ургамал байгалийнхаас ялгаагүй. Үүнийг олон жилийн судалгаагааны үр дүнгээр баталчихсан. Биотехнологийн хөгжил нь эд, эсийн өсгөврийн аргаар ургамлыг их хэмжээгээр гарган авах, улирал харгалзахгүй өсгөвөрлөх, ахисан түвшний судалгаа хийх зэрэг олон давуу талыг бидэнд олгодог.
-Энэ төслийг хэрэгжүүлэхэд хэчнээн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй вэ?
-Одоогоор нүүрний маск хийх ажил хөгжүүлэлтийн шатандаа явж байна. Үйлдвэрлэлийн түвшинд хараахан туршаагүй. Тиймээс нийт зардлыг тооцох боломжгүй. Эхний ээлжид бүтээгдэхүүнээ хөгжүүлэхийг л зорьж байгаа.
-“Эрдэм” хакатонд оролцсоноор та бүхэнд ямар боломж нээгдэв?
-Анхан шатны хөрөнгө оруулалт авлаа. Бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, зах зээлд туршилтаар нийлүүлэх боломж бүрдсэн. Хакатоны үеэр зохион байгуулсан сургалтууд үр өгөөжтэй байлаа. Судалгааны үр дүнгээ бодит болгох боломж бололцоог нээж өгсөн.
-Биологийн хүрээлэнгийнхэн үүнээс өөр ямар судалгаа, туршилт хийж байна вэ?
-Манай хүрээлэн биологи, биотехнологи гэсэн хоёр сектор, 10 лабораторитойгоор үйл ажиллагаа явуулж, суурь болон ахисан түвшний судалгаа хийж байна. Лаборатори болгон өөр өөрийн онцлогтой судалгаа хийдэг. Инновацын онцлог бүтээгдэхүүн гэвэл эхэнд дурдсан “Бэхэн нүд” цай, “BioPlus” барагшун, “Живэрт” загасны тэжээл байна. Мөн нүхэн жорлонгоос үүдэлтэй гүний усны бохирдлыг арилгах зориулалттай “Био-Ариус” бодис, био технологийн аргаар гарган авсан, бичил биетний цуглуулга бүхий “Урга” био бордоо, шинэ төрлийн коронавирус “Sars-Cov-2”-ийн эсрэг бие илрүүлэх оношлуурын цомог зэрэг бүтээгдэхүүн бий.