Чөлөөт бөхийн холбооны зохион байгуулалтгүй үйл ажиллагааны талаар П.Орхон, Т.Тулга тэргүүтэй тамирчид өчигдөр мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Гавьяат тамирчин П.Орхон “Манай холбооны ерөнхийлөгч өнгөрсөн жилийн гуравдугаар сард томилогдсон ч тамирчдаа дэмжилгүй өнөөг хүрлээ. Бид шаардлага хангаагүй зааланд бэлтгэл хийж байна. Тамирчдын хураамжийн мөнгөөр УАШТ зохион байгуулдаг. Дэлхийн чансаа олгох тэмцээнд зардал мөнгөгүйн улмаас оролцоогүй үлдсэн бөх цөөнгүй бий. Монголд өнгөрсөн жил Азийн АШТ зохион байгуулсан. Тус тэмцээний тайлан, хөрөнгийн зарцуулалт, санхүүгийн асуудал одоо ч тодорхой бус. Манай холбоо олон улсад 1.4 тэрбум төгрөгийн өртэй. Тиймээс биднийг дэмжих хүн олддоггүй өрнөөс нь айгаад зугтчихдаг” гэв.
Тэгвэл чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга “Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагыг даруй өөрчлөх шаардлагатай. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны хөтөлбөр бий. Манай холбоо төлөвлөгөөт тэмцээнээ үргэлж зөрүүлж зохион байгуулдаг. Гэнэт ямар нэгэн дүрэм, журам баталж, шийдвэр гаргадаг. Сорил тэмцээнийг наймдугаар сард зохион байгуулж, есдүгээр сард ДАШТ-д оролцуулна гэсэн. Дэлхийн дэвжээнд хүч сориход наанадаж зургаан сар, нэг жил бэлтгэл хийдэг. Нэг сар бэлтгэл хийгээд оролцох боломжгүй. Тамирчдаа оны дараачаас дэмжиж, олон улсын тэмцээнд өрсөлдүүлээгүй байж, улс дотроо талцуулж байна. Монголын баг тамирчид нэгэн жигд хувцастай оролцдоггүй. Тамирчид эмчгүй явдгаас нэгэндээ судас тариа хийдэг. Иймэрхүү олон асуудалтай тулгардаг. Улсаас төлөвлөсөн хөрөнгөд маркетинг хийж санхүүгээр дэмжих ёстой. Гэтэл холбооны үйл ажиллагаанаас болж тамирчид хохирч байна” гэлээ.
Бэлтгэсэн: Н.Болоршүр