Ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж явсан шашны зүтгэлтнүүдийн нэг Д.Баасан ламын эхнэр Д.Алтанцэцэг, тэдний охин Б.Эрдэнэзул нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх энэ сарын 7-нд хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тодруулбал, Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул, Бао Гуо Жун нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гомдлыг үндэслэн хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул нарт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 8 жил хорих ял, Бао Гуо Жунд Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.