Хөдөлмөрийн үндэсний намыг (ХөҮН) улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Т.Энхбаярын хүсэлтийг Улсын Дээд шүүх өчигдөр хэлэлцээд тус намыг улсын бүртгэлд бүртгэж, батламжийг нь гардууллаа. Намаа бүртгүүлэх хүсэлт гаргасан Т.Энхбаяраас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж үзээд улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж Дээд шүүх дүгнэжээ. Улсын Дээд шүүхийн шүүгчид шинээр байгуулагдсан улс төрийн 19 дэх намынханд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг даалгасан юм. Дашрамд дурдахад, тус нам бүртгүүлэх хүсэлтээ өмнө нь гурван ч удаа Дээд шүүхэд ирүүлж байсан бөгөөд хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт нь хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тухай бүрт нь бүртгэхээс татгалзаж байсан юм.