Зам хаахтай холбоотойгоор 40 чиглэлийн 439 автобусны чиглэлд өөрчлөлт орно. Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир мэдээлэл өгөв.
Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС, Нарны замаар явах чиглэлүүдэд “Жигүүр гранд”, Замын цагдаагийн газар, “Миний дэлгүүр”-ийн автобусны зогсоолоос суух боломжтой. Харин босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, “Элба” төв, “Бөмбөгөр “худалдааны төв, “Нарны титэм”-ийн автобусны зогсоол, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлгийн автобусны зогсоолоос сууж үйлчлүүлэх боломжтой.
Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замуудыг хаах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж, 18:00 цагаас хойш үндсэн чиглэлийнхээ дагуу үйлчилгээ үзүүлнэ.
Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаахтай холбоотойгоор тухайн өдөр троллейбусаар үйлчилдэг Т:2 "5 шар - Ботаник", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон", Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан”, Ч:29Б: “Зүүн дөрвөн зам-Сансар-Вокзал” чиглэлүүд үйлчилгээнд явахгүйг анхаарууллаа. Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчиж, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 70044040 дугаарын утсаар өгөөрэй.
Эмнэлгийн яаралтай тусламжийн таван цэг ажиллана
“Улаанбаатар марафон”-ы үеэр иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрхэн ажиллах талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн ахлах мэргэжилтэн Д.Энхтүвшин мэдээлэл өглөө.
Гүйлт болох зам, талбайд эмнэлгийн яаралтай тусламжийн таван цэг байрлаж ажиллана. Тодруулбал, Гараа, барианы хэсэг, Сансарын туннелийн уулзвар, Чойжин ламын сүм музейн дэргэд, 45 дугаар сургууль буюу ОБЕГ-ын хажууд, мөн Хүүхдийн урлан бүтээх төвийн урд буюу “Модерн номадс”-ын хойд хэсэгт байрлана. Түүнчлэн МУИС болон МУБИС-ийн уулзвар, “Бишрэлт” их дэлгүүрийн дэргэд түргэн тусламжийн машин байрлаж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.
Мөн гүйх тамирчдыг өнөөдөр эрт унтаж амрах, хүнд махан хоол бага идэж, илчлэг сайтай хоол идэх, гүйх үед шингэн их алддаг учраас усны цэгээс усаа авч, шимж уухыг, шинэ гутал холгодог учраас өмсөж дадсан хувцсаа өмсөхийг зөвлөлөө.