Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх хүрээнд "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгт Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад төдийлөн явагдаж байгаагүй нэгэн арга хэмжээ багтсан нь хугацаат цэргийн алба хаагчийнхаа хань ижил, гэр бүлд чиглэсэн сүй тавих ёслол байв.
Баянхонгор аймгийн харьяат байлдагч Батсайханы Батхүлэг, түүний гэргий Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат Хүчитбаатарын Болортунгалаг нарын сүй тавих ёслолыг анги хамт олноороо зохион байгуулж, дайчин болон бэрийнхээ аав ээж, ахан дүүсийг урьж нэгэн өдрийг баяр баясал, бахархал дүүрэн өнгөрүүлжээ.
Тус ангийн захирагч хурандаа Н.Гүрбадам "Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан бид нэгэн гэр бүл билээ. Амжилтаа хамт хүртэж, алдаагаа ч цугтаа үүрдэг хамт олон. Нэгнийхээ баяр жаргал, зовлон гуниг бүрт ч ойрхон байхыг гэж хичээж явдаг нь өнөөдөр байлдагчийнхаа гэргийг хөөрхөн хүү Б.Тэнүүгэн болон өвөө, эмээгийнх нь хамт урьж, амьдралынх нь мартагдашгүй дурсамжийг нь хамтдаа бүтээлцэж байна. Ерөөл учрал бүрдсэн энэ сайхан өдөр хоёр хүүхэд минь хаан бугуйвчаар жаргал нэгтгэж, хатан сүйхээр заяа зангидлаа. Эрхэм байлдагч болон эх орны хөвгүүнтэй заяа холбосон үзэсгэлэнт бэрдээ баяр хүргэе" гэсэн аж.