Монгол Улсад орчин цагийн банк, санхүүгийн тогтолцоо үүссэний 99 жилийн ой, Банкны ажилтны өдрийг тохиолдуулан “Монголын Банкны Холбоо” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэртийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
“Монголын Банкны Холбоо” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэртийн загварт 1993 онд гүйлгээнд гарсан “1” төгрөгийн мөнгөн тэмдэгт, Монголын банкны холбоо, арилжааны 12 банкны логог тусгасан. Серийн дугаар ВА1991501 нь 1991 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын Бага Хурлаас Банкны хуулийг хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцоо үүсэж, хөгжсөн агуулгыг бэлгэдсэн байна.
Монголын Банкны Холбоо нь Монгол Улсын санхүүгийн салбарын тогтвортой байдал, үндэсний төлбөр тооцооны тогтолцоо, хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд бодлого, стратегийн дэмжлэг үзүүлэх, үүний тулд олон улсын санхүүгийн шилдэг технологийг нэвтрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахыг эрхэм зорилгоо болгон ажилладаг.
“Монголын Банкны Холбоо” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэрт:
Нэрлэсэн үнэ: 1 төгрөг
Жин: 5 гр
Металл: Мөнгө
Сорьц: 0.999
Хэмжээ: 150х65 мм