Монгол орон даяар өрнөж буй “Соёлын сэргэлт 2023” аян Завхан аймагт нээлтээ хийлээ.
Монгол Улсын Төрийн Соёрхолт, МУУГЗ, найруулагч Н.Наранбаатар “Соёл ба урлаг” сэдвээр
Соёл судлалын ухааны доктор (Ph.D), профессор Ж.Долгорсүрэн "Монголчуудын нэгдмэл үнэт зүйл ба үндэстний тусгаар тогтнол” сэдвээр тус тус нийгмийн соён гэгээрлийн илтгэл танилцуулсан юм.
Чойжин ламын сүм музейн сор бүтээлүүдийн “Мандала” гэрэл зургийн үзэсгэлэн,
Завхан аймгийн Хөгжимт Жүжгийн Театр-ын уран бүтээлийн үзэсгэлэнгүүдийг үзэгч олонд толилууллаа.
Мөн Монгол Улсын Ардын жүжигчин Ч.Мөнхшүр,
Харш хамтлагийн дуучин, МУГЖ С.Баасандорж,
МУСТА Ш.Баянмөнх, Д.Отгонжаргал, Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр-ын гоцлол дуучин, МУСТА Г.Алтанхундага, Т.Өлзийсайхан тэргүүтэй уран бүтээлчид Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчидтэй хамтарсан урлагийн тоглолтыг нутгийн зон олонд өргөн толилууллаа.
Түүнчлэн Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар хотын захирагч Ч.Наранбатын 2023.05.29-ний өдрийн А/137 дугаар захирамжаар Соёлын сэргэлт 2023 аяны үйл ажиллагаанд Монгол үндэсний дээл хувцас өмсөж оролцохыг байгууллагын албан хаагчид болон сумын нийт иргэдэд уриалга гаргасан юм. Энэхүү уриалгын дагуу Улиастай сумын иргэд үндэсний хувцсаараа гоёж, соёл, урлагийн олон сонирхолтой хөтөлбөрүүдээр дүүрэн нэгэн өдрийг өнгөрүүллээ.