БНСУ-д үйлдвэрлэсэн автомашинд түлхүүр тааруулан хулгайлдаг хүүхдүүдийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр илрүүлэн саатуулжээ. Баянзүрх дүүргийн харьяат 17 настай С, У, Б нар өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээс эхлэн тус дүүргийн нутгаас ил зогсоолд тавьсан “Аксент”, “Грейс” зэрэг найман автомашинд түлхүүр тааруулан жолоодож явдаг байжээ.
Хүүхдүүд цагдаагийнханд өгсөн тайлбартаа “Бид зүгээр л машин жолоодох сонирхолдоо хөтлөгдөн хулгайлсан. Түүнээс өөр ямар нэгэн зорилго байгаагүй, эд зүйлийг нь тонож худалдаагүй” гэжээ. Ажил, сургуульгүй дээрх хүүхдүүд ихэвчлэн шөнийн цагаар явж, орцны гадаа тавьсан, дохиололгүй, харуул хамгаалалтгүй газар байсан машинуудыг хулгайлдаг байжээ. Мөн Баянгол дүүрэгт автомашины эд анги хулгайлдаг бүлэг этгээдийг тус дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд илрүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар нэгэн орон сууцны орцны жижүүрээр ажилладаг залуугаар толгойлуулсан 4-5 хүн дохиололгүй, орцных нь гадаа байгаа автомашины толь, дохио, гэрэл гэх зэрэг эд зүйлийг нь тонож, “Да хүрээ”, “Өгөөмөр” зэрэг захын ченжүүдэд хямдхан худалддаг байсан гэнэ. Цагдаагийнхан тэдэнд захиалга өгч хулгай хийлгэдэг ченж зэрэг хүмүүсийг тогтоон мэдүүлэг авч байгаа гэнэ.
Сүүлийн үед автомашин, түүний эд анги, хучлага зэргийг хулгайлах хэрэг нэлээд гарч байгаа тул харуул хамгаалалттай газарт автомашинаа тавьж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Г.РАВЖАА