Баянхонгор, Өвөрхангай аймагт согтууруулах ундааны үйлдвэрлэл замбараагаа алдаж, онцгой албан татварын хуурамч тэмдэг ашиглан архи үйлдвэрлэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Баянхонгорт үйл ажиллагаа явуулдаг “Хөвших”, “Дорнын гэгээ” компаниас гадна “Ганбогд” гэдэг компани маш их зөрчилтэй байсан талаар ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд мэдээллээ. “Ганбогд” компанийн ерөнхий захирлаар Баянхонгор аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан М.Ганхөлөг ажилладаг юм байна. Тус компани нь 2010 оны наймдугаар сараас хойш “Орог нуур”, “Мазаалай”, “Баянхонгор” нэртэй 50 гаруй мянган шил архи үйлдвэрлэжээ. Ингэхдээ Татварын газраас хэрэглэхийг хориглосон хуучин загварын онцгой албан татварын тэмдэг ашиглаж, нааж байсан гэнэ.
Цагдаагийн байгууллагаас “Ганбогд” компанийн гүйцэтгэх захирал М.Энх-Ирээдүй, менежер О.Ууганбаяр нарт их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж. Мөрдөн байцаалтын явцад “Ганбогд” тус компанийнхан хэрэглэхийг хориглосон, хуучин загварын хуурамч онцгой албан татварын тэмдэг нааж 50112 шил архи үйлдвэрлэн борлуулсан нь тогтоогджээ. Тэднийг татвараас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн нь архины борлуулалтын орлого, татварын тайлан, спиртийн зарцуулалт, онцгой албан татварын тэмдэгийн бүртгэл зэрэг баримтаар тогтоогдсон гэнэ.