Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжих хугацаа 2022 онд дууссан. Тиймээс Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа саяхан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр - Авлигатай тэмцэх үндэсний стратеги”-ийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт танилцуулсан билээ. Тэгвэл Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр (2023-2030 он)-ийн төслийг боловсруулж дууссан байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр - Авлигатай тэмцэх үндэсний стратеги нь нийт 10 зорилго, 45 зорилт, 225 үйл ажиллагааг томьёолон тусгасан аж. Улмаар 2023-2030 онд хэрэгжих тус хөтөлбөрийг Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн хугацаатай нийцүүлж, мөн төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн саналыг түлхүү тусгасан гэнэ. Тухайлбал, олон нийтийн итгэлийг хүлээсэн авлигаас ангид нийтийн албыг бэхжүүлэхэд 8 зорилтыг тодорхойлж өгчээ. Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн бодит оролцоо, үр дүнтэй хяналтыг бэхжүүлэхэд 5 зорилтыг тодорхойлсон. Мөн авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын хараат бус, бие даасан байдлыг хангаж, аливаа нөлөөллийн эрсдэлийг бууруулахад 5 зорилтоор томьёолсон. Түүнчлэн, төсөв, худалдан авах ажиллагаанд авлигын эрсдлийг бууруулж, хулгайлах, завших, үрэгдүүлэх боломжийг бүрэн хаана гэж 7 дугаар зорилгыг тодорхойлсон аж.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр (2023-2030 он)-ийн төсөлтэй ЭНД дарж танилцана уу