Монгол оронд 1937 оноос эхэлсэн хэлмэгдүүлэлтийн бараан сүүдэр олон айл өрхөд өнчрөл хагацал, зовлон гуниг авчирсан билээ. Зөвлөлтийн нөлөөгөөр явуулсан хэлмэгдүүлэлтэд хөгшин залуу, хөрвө нялх гэлтгүй өртөж байсан нь гашуун түүх болон үлдсэн. Цаг цагаараа байдаггүйн жамаар 1990 оны ардчилсан хувьсгалын дүнд хэлмэгдэгсэдийг цагаатгаж, ар гэрийнхэнд нь нөхөн олговор олгож эхэлсэн. Гэвч хэлмэгдэгч нарын ар гэрээс цагаатгуулах талаар өргөдөл гаргаагүй олон хүн байдаг аж. Тэднийг Улсын ерөнхий прокурорын газраас цагаатгах талаар арга хэмжээ авч байгаа юм. Иргэдийг хэлмэгдүүлэх ажиллагаа 1939 он хүрээд дуусаагүй, 1950-иад оны дунд үед ч хэлмэгдүүлж байсан тохиолдол байдаг аж. Үр ач нараараа тойруулан жаргаж суух насны хоёр хөгшин ам хуурайгүй бурдгаасаа болж хэлмэгдэж, хорих ялаар шийтгүүлсэн байх юм. Тэдний ар гэрийнхнээс өдг өө амьд сэрүүн байдаггүй бололтой. Цагаатгуулах талаар ямар ч өргөдөл гаргаж байгаагүй юм байна.
Хавтаст хэрэгтэй нь танилцаж байхад тухайн үеийн мөрдөн байцаагч нар хэрэг тулгаж, хүчээр шахам хүлээлгэж байсан нь харагдана. 1954 оны нэгдүгээр сарын 23. Дотоод явдлын яамны Мөрдөн байцаах хэлтсийн нэгэн байцаагчийн өрөөнд нас 60 хэвийсэн нэгэн өвгөн нөмгөн сууна. Түүнийг П.Раднаабазар гэдэг, 1894 онд төрсөн, хүүхэд насандаа хүрээ, хийдэд шавилан сууж, VIII богд Жавзундамбын дэргэд хүртэл шавилж байж. 1929 он хүртэл төвд номтой нөхөрлөж, багш нарынхаа буянаар Богдын 16 соёгийн нэг (Соёг гэдэг нь Богдын цай тахил зэргийг хийж гүйцэтгэдэг үйлчлэгч) явсан гэнэ. Шар шувтлаад (хар болоод) бичээч, худалдагч, нягтлан, байцаагчаар ажиллаж байсан нэгэн.
Мөрдөн байцаагч “Та өөрийн гэм буруугаа хүлээж, хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүл” хэмээн зандрангуй өнгөөр өвгөнд хандана. Өвгөн ямар хэргээр баривчлагд сан учраа олохгүй тул “Би чухам ямар хэрэгт холбогдсоноо сайн ухахгүй байна. Гэмт хэрэг хийсэн болоод л хуулийн байгууллага намайг саатуулсан байх. Магадгүй Улаанхуарангийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа авсан эд зүйлийнхээ мөнгийг төлөөгүйгээс саатуулсан болов уу” гэв. Байцаагч ширээгээ шаан босож “Та ард олны дунд төр засгийн удирдагчийн эсрэг худал гүтгэлэг тарааж, Зөвлөлт Орос улс БНМАУ-ын харилцаанд сэв суулгах гүтгэлэг хийсэн хэргээ хүлээ” хэмээн уурсана. Байцаагч түүнээс мэдүүлэг авахын тулд П.Раднаабазарыг саатуулснаас хойш иймэрхүү байдлаар 18 удаа байцаасан байх юм. Энэ бүгддээ “Хэргээ үнэн зөвөөр мэдүүл” хэмээн тулгаж, байцаажээ.
Харин ДЯЯ-ны өөр нэгэн өрөөнд 61 настай Д.Цэрэнхандыг байцаана. Байцаалтыг дээрх байдлаар хийж, эмгэн “Намайг хувьсгалт хууль зүгээр байхад минь лав гэмт хэрэгт хилсээр дайчлахгүй байх. Согтуу энэ тэнд тасарч унахдаа дэмий донгосдог байснаасаа болж, элдэв зүйл ярьсан байх” хэмээн хариулна. Д.Цэрэнханд уг нь Нийслэл хү- рээний уугуул. Арвангурван настай байхдаа нэгэн пүүсийн данжаадтай ханилж байгаад хоёр тийш болжээ. Манлайбаатар Дамдинсүрэн Ховдыг чөлөөлөх дайнд явж ирээд түүнийг дэргэдээ байлгах болсон байна. Манлайбаатар нутаг буцсанаас хойш тэрбээр хийсэн хөдөлмөргүй, энд тэнд явж байгаад П.Раднаабазартай учирчээ. П.Раднаабазар “Нүгэл буян” ки нонд гардаг шиг хайр сэтгэлийн үүд нээс багш нартайгаа муудалцан байж “шар шувтлан” түүнтэй ханилах болжээ. Улмаар хоёр хүүхэд өргөж авч, нэг нь айлын бэр болж, есөн настай охины хамт аж төрж байсан гэнэ. Энэ үед тэднийхийг хэлмэгдлийн бараан сүүдэр дайрч, есөн настай Хажидмаа охиныг гэрт нь үлдээж, эцэг, эхийг нь баривчлан авчирсан нь энэ.
Өвгөн, хөгшин хоёр залуудаа бас зүгээр байдаггүй байсан бололтой. Д.Цэрэнхандыг 1939 онд бусдын эд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн хэргээр 1.6 жил ял эдэлж байсан тухай хавтаст хэрэгт дурджээ. Харин П.Раднаабазарыг 1940 онд улсын хөрөнгө ашигла сан хэргээр дөрвөн жилийн ял шийтгэж, биеэр эдэлсэн гэж дурдсан байх юм. Тэдний хэлмэгдэх болсон шалтгаан нь тухайн үеийн нам төрийн удирдагч Маршал Х.Чойбалсангийн үхлийг “улстөржүүлснээс”, залгамжлагч нь халх хүн биш байгааг ярьсан нь буруутжээ. П.Раднаабазар, Д.Цэрэнханд нар гэртээ хүмүүс цуглуулж архи уух тохиолдол нэлээд байсан аж. Энэ үедээ эхнэрийнхээ хамт элдэв зүйл ярьсан байна. Уг явдал 1952 оны хоёрдугаар сард болжээ. П.Раднаабазар Лувсансүрэн гэдэг хүнтэй архи ууж байхдаа “Маршал Х.Чойбалсанг хүнд өвчин тусаад байхад ард түмэнд хэлэхгүй байж байгаад гэнэт нэг өдөр үхлээ гэж дуулгалаа. Хойшоо явж хагалуулснаас болж нас барсан. Эндээ байсан бол үхэхгүй, амьд байх ёстой байсан юм.
ЗХУ сайн докторуудаа онгоцоор илгээж, эмчилж болох байсан шүү дээ. Ер нь маршалыг ЗХУ-д аваачиж аллаа. Урьд өөлд, халх хоёр өс хонзонтой байсан юм гэнэ лээ. Гэтэл дөрвөд хүнийг Ерөнхий сайд болгосон нь цаашдаа халх Монгол балрах биз” гэж ярьжээ. 1953 оны намар тэрбээр Сономгэндэн гэдэг хүнд “Ерөнхий сайд Ю.Цэдэнбал Оросын генералын охин той суусан, Маленковын үгнээс гарах гүй биз. Сүрэнжав нь Цэдэнбалтай таарч тохирохгүй болохоороо сургуульд явах нэрээр чөлөөлөгдлөө” гэж ярьсан аж. Мөн Д.Цэрэнтогоо гэдэг хүнд “Манай сайд, удирдагч нар үхэж дууслаа. Г.Бумцэндийг нас барахад Ю.Цэдэнбал СССР-т амрахаар яваад ирсэнгүй” гэж “мэдэмхийрчээ”. Ийнхүү “урт хэл хүзүү орооно” гэгч болжээ. Түүний эхнэр Д.Цэрэнханд согтуудаа “Дөрвөд хүн төрийн толгойд гарлаа. Уг нь халх хүн байх ёстой байсан юм. Ю.Цэдэнбалын оронд Сүрэнжав Ерөнхий сайд болох ёстой” хэмээн ярьжээ.
П.Раднаабазар Улаанхуарангийн 17 дугаар дэлгүүрт худалдагч хийж байхдаа 1364 төгрөгийн эд зүйл ашигласан хэрэгт давхар шийтгүүлсэн байна. Тэрбээр энэ тухайгаа хавтаст хэрэгт “Би гэртээ тухайн үед орос бүтээлэг, ширээний цаг гэх мэт зүй л аваачаад түүний төлбөрт цалингаа саа 70 төгрөг суутгуулж, цувуулж төлж байсан. Хувьдаа ард түмний хөрөнгөөс авч байсан минь үнэн” гэжээ. Хавтаст хэрэгт тэдний эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол байх бөгөөд гэр, хашаа байшин тус бүр нэг, хоёр ямаа, нэг морь гэсэн хувь ногдох хөрөнгөтэй гэжээ. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа шуурхай явагдаж, тус бүрээс нь 20 шахам удаа байцаалт авснаар 1954 оны дөрөвдүгээр сарын 1 гэхэд дуусаж, шүүх хурал болсон байна.
БНМАУ-ын Дээд шүүхийн Эрүүгийн хэрэг эрхэлсэн коллегийн шийдвэрээр П.Раднаабазарт 10 жил, Д.Цэрэнхандад зургаан жил хорих ял оноож, ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн хугацаанд сонгох, сонгогдох эрхгүй байхаар шийтгэжээ. “Уг нь тухайн үед эдгээр яриа ард олны дунд нийтлэг байсан бөгөөд хоёр хөгшин түүнийг олны дунд хамаагүй ярьж байжээ” гэж УЕПГ-ын хяналтын прокурорын дүгнэлтэд дурдсан байна. Тиймээс хоёр хөгшнийг цагаатгуулахаар Улсын Дээд шүүхээр хэлэлцэж, эд хөрөнгө шамшигдуулсан хэргийг нь цагаатгалгүй, хоёр орны харилцаанд сэв суух зүйл ярьсан, нам төрийн жолоодогчийг гүжирдэн доромжилсон гэх хэсгийг нь цагаатгахаар тогтоол гаргасан байна.
Г.ЦОЛМОН