Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас төрийн цэргийн байгууллагуудын хугацаат цэргийн алба хаагчдын дунд “Цэргийн мэргэжлийн аварга түрүүч, байлдагч” шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээний хаалтын ёслолд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, БХЯ-ны ГХАГ-ын ахлах мэргэжилтэн хурандаа С.Амарсайхан, ХХЕГ-ын Цэргийн албаны зохион байгуулалтын газрын дарга, хурандаа Ц.Батбаатар, Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга дэд хурандаа Ж.Батмөнх нарын удирдлагууд оролцож, аваргуудын шагналыг гардуулан өгч, баяр хүргэв.
Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн 30 гаруй нэгтгэл, ангийн 60 гаруй шилдэг хугацаат цэргийн алба хаагчид цэргийн хэргийн мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилт, тэсвэр хатуужлаараа өрсөлдсөнөөс “Цэргийн мэргэжлийн аварга түрүүч”-ийн тэргүүн байрт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн дэд түрүүч Б.Оюунбаатар, дэд байрт Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн дэд түрүүч Н.Цэрэнтогтох, гутгаар байрт Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн дэд түрүүч Б.Дарханбаяр нар шалгарлаа.
“Цэргийн мэргэжлийн аварга байлдагч”-ийн тэргүүн байрт Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн байлдагч Ц.Ариунбуян, дэд байрт Хилийн цэргийн 0277 дугаар ангийн байлдагч Н.Батзаяа, гутгаар байрт Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн байлдагч Г.Баттулга нар шалгарч, мөрдэс нэгт нөхдийнхөө өмнө бахархалтайгаар шагнагдлаа.
Ийнхүү байгууллагын нийлбэр дүнгээр шилжин явах цомын эзнээр дэд хурандаа дэд хурандаа Э.Майдар захирагчтай Хилийн цэргийн 0214 дүгээр ангийнхан тодорч, дэд байрт хурандаа Н.Гүрбадам захирагчтай Зэвсэгт хүчний 256 дугаар анги, гутгаар байрт хурандаа Ц.Амарсайхан захирагчтай Зэвсэгт хүчний 110 дугаар ангийнхан шалгарлаа.
Мөн тэмцээний үеийн зарим даалгавар гүйцэтгэлтэд бусдыгаа тэргүүлсэн түрүүч, байлдагч нарт “Онц сурлагатан”, “Тамирчин дайчин”, “Онц буудагч” медалиуд олгогдсоныг гардуулав. Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн байлдагч Х.Дашхүү, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн дэд түрүүч Э.Ган-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн дэд түрүүч Б.Бүдбаатар нарын энгэрт “Онц сурлагатан” медаль гялалзаж, мэргэн буудагчид болох Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн дэд түрүүч Ц.Төгөлдөр, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн дэд түрүүч Б.Батзориг, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Н.Баяржаргал нар “Онц буудагч”-аар өргөмжлөгдлөө.
Харин “Тамирчин дайчин” медалийг хурд хүч, тэсвэр хатуужлаараа бусдаасаа илт давуу шалгарсан Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн дэд түрүүч Б.Анарзаяа, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн байлдагч Э.Тэмүүлэн, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн дэд түрүүч Э.Мөнгөнхөлөг нар хүртэж, дайчин нөхдийнхөө алга ташилтаар шагнагдав.
Тэмцээнд оролцогчдод Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал хандаж хэлэхдээ мөр зэрэгцэн хугацаат цэргийн алба хааж байгаа нөхдөөсөө шалгаран оролцож, бүр шилдгийн шилдэг болж чадсан эрхэм түрүүч, байлдагч нартаа баяр хүргэе. Тэмцээнд амжилт үзүүлсэн, эс үзүүлснээс үл хамааран бүх хугацаат цэргийн алба хаагч бол бидний бахархал хэмээн онцлоод баг тамирчдадаа өндөр хэмжээнд бэлтгэн оролцуулсан нэгтгэл, ангийн удирдлагуудад талархал илэрхийлсэн юм.