Соёлын яам, Монголын урчуудын эвлэл, хамтран “Art week Ulaanbaatar-2023” орчин үеийн дүрслэх урлагийн нэгдсэн үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Уг үзэсгэлэнг гурав дахь жилдээ зохион байгуулж буй нь энэ бөгөөд Хан-Уул дүүрэгт “Номин юнайтед” дэлгүүрийн урд байрладаг, Арьс, ширний судалгааны төв байсан хуучин байшинд гаргаж буйгаараа онцлогтой. Үзэсгэлэнгийн зорилго нь соёлын салбарын түншлэлийг бэхжүүлэх, уран бүтээлчид болон хамтын удирдлагын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх ажээ. Үзэсгэлэнд хэлбэр, хөдөлгөөн, орон зай, дуу авиа, үйлдлийн урлаг, медиа арт зэрэг төрлөөр туурвигсад, кураторуудыг урьжээ. Эдгээр чиглэлийн бүтээлээ ирүүлсэн 150 гаруй уран бүтээлчийн ажлаас 42-ынхыг нь нээлттэй шалгаруулалтаар сонгон, үзэсгэлэнд дэлгэсэн байна. Мөн Венец, Бээжин, “Норд арт”, Кванжу зэрэг биеннальд уригдан, оролцож байсан уран бүтээлчдийн туурвилуудыг монгол үзэгчдэдээ танилцуулж буйгаараа онцлог аж. Үзэсгэлэнгийн ерөнхий куратораар олон улсын хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн уран бүтээлч Б.Баатарзориг, Б.Бат-Эрдэнэ нар ажиллаж буй юм. “Art week Ulaanbaatar-2023” энэ сарын 31- нийг дуустал үргэлжилнэ.