Нийгмийн хөгжлийн гол суурь нь гэр бүл. Монгол Улс нийгмийн олон асуудлаа цэгцэлж, урагшилъя, хөгжье гэвэл гэр бүл, хосуудыг анхаарах учиртай. Энэ ч утгаараа судлаачид Гэр бүлийн тухай хуулиа даруй шинэчлэх ёстойг удаа дараа сануулж буй.
Уг нь Монгол Улс Төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлогоо 2003 онд баталсан. Харамсалтай нь, 1999 онд баталсан Гэр бүлийн тухай хууль хэт хуучирсан учраас дээрх бодлого бүрэн хэрэгжих боломжгүй юм. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүүхдийн эрхийн, Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2017 онд баталсан. Суурь хуулиа шинэчлэн батлаагүй хэрнээ дагалдах хуулиуд гарсан нь ч учир дутагдалтай.
Уг хуулийг шинэчлэх, төсөл боловсруулах талаар улстөрчид сүүлийн 20-иод жил ярьж байгаа. Гэвч хэн нь ч улс төрийн манлайлал үзүүлсэнгүй. Гэр бүлийн тухай хуульд өнөөг хүртэл долоон удаа нэмэлт, өөрчлөлт оруулснаа эрх баригчид сайн додомдсон гэж үздэг юм билээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үе үеийн сайд нарт бүр “гомдмоор”. Тэд Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх ёстой гэж аман дээрээ сүржин ярьдаг ч ачир дээрээ хийж базаасан зүйлгүй.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, харьяандаа хариуцсан бие даасан агентлагтай. Цаашлаад 21 аймаг, 330 сум, нийслэл, дүүрэг бүрт хэлтэстэй. Тус яамнаас гэр бүлийн талаар баримтлах бичиг баримт бодлого гарч, улмаар шат шатандаа хэрэгжинэ гэсэн үг. Тус яамныхан 2019 онд голлож хариуцаад, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан удаатай. Улмаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлсэн ч дорвитой дэмжлэг аваагүй. Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн яам эл хуулийн төслийг татаж авсан. Толгой яам нь салбарын хуулиа шинэчлэхгүй “гүрийсээр” эцэстээ Хууль зүй, дотоод хэргийн яаманд “өргүүлчихсэн”. Тодруулбал, тухайн оноос хойш ХЗДХЯ уг хуулийн төсөл дээр ажиллаж буй. Гэвч “өргүүлсэн”, “өргөж авсан” хоёр яамны аль аль нь хууль боловсруулах асуудалд хариуцлагагүй хандаж, засгаас засаг, оноос он дамжин аргацааж, сунжруулсаар байна. Уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Засгийн газар 2011, 2016, 2018, 2019 онд хэдэнтээ байгуулсан. Түүнээс хойш гишүүдийг нь хэдэн ч удаа өөрчлөв. Яамнаас яам дамжсан хуулийн төсөл одоо ч батлагдаагүй хэвээр.
Ч.Ундрам тэргүүтэй УИХ-ын эмэгтэй гишүүд өдгөө Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. ХЗДХЯ-ны цахим хуудасны “Боловсруулж буй төслүүд” буланд 1, 2, 3 дугаар бүлгээ байршуулан, олон нийтээс санал авч эхэлсэн байна билээ. Гэвч дээрх гурван бүлэгт “Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан бол тэтгэлэг төлөгчийн бусад банкан дахь данснаас хүүхдийн тэтгэлгийг үл маргах журмаар суутган авна”, “Тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтална” гэснийг “шинжээч томилуулж орлогын хэмжээг тогтоолгоно” гэж өөрчилсүгэй гэх зэргээр зөвхөн тэтгэмжтэй холбоотой заалтууд харагдсан. Өөрөөр энэ хуулийн төсөл олон нийтэд ил болоогүй. Хуульд ямар өөрчлөлт оруулж байгаа нь бүрхэг.
Нийгмийн харилцааг зохицуулахын тулд хууль баталдаг. Өдгөө монгол гэр бүлийн харилцаа, залуу хосын амьдралын хэв маяг, гэрлэж буй хэлбэр гээд олон зүйл өөрчлөгдсөн. Тухайлбал, сүүлийн жилүүдэд нийгмийн амьдралд багагүй өөрчлөлт гарч, залуус гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах, гадаадын иргэнтэй гэрлэх зэргээр уг харилцаанд чөлөөтэй хандах болжээ. Зарим нь “Болохгүй бол салчихна, яасан ч яах вэ” гэсэн сэтгэхүйгээр, дотнын харилцаанд тоомжиргүй хандах нь ихэссэн. Цаашдаа ч ийм хэв маягийг илүүд үзэх залуучуудын тоо өснө. Үүнээс үүдсэн гэр бүлийн маргаан ихсэж, улмаар хүүхдийн эрх зөрчигдөж, гэр бүлийн хүчирхийлэл даамжирсаар. Энэ бүхнийг зохицуулах заалт өнөөгийн Гэр бүлийн тухай хуульд байхгүй. Тухайлбал, төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж, гэрлэлтээ батлуулаагүй ч хамтран амьдрагчдын хооронд эхнэр, нөхрийн харилцаа хэдийн үүсчихдэг. Сэтгэл зүй, эдийн засгийн хамаарал гээд олон харилцаа үүссэн гэсэн үг. Мөн хүүхэдтэй болохоос авхуулаад цөөнгүй үйл явдал өрнөнө. Тодорхой хугацаанд хамтран амьдарсны дараа гэрлэлтээ бүртгүүлж амжилгүй салдаг. Энэ үед үүссэн асуудлуудаа шийдүүлэх гэхээр хуулийн зохицуулалт байхгүй. Улмаар хэн нэг нь хохирч, нөгөө нь давуу байдал эдэлдэг. Ялангуяа, хүүхэд хамгийн их хохирдог. Тиймээс төрөөс дэмжих, хамгаалах, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох асуудлыг хуульчлах шаардлагатай.
Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар эцэг, эх нэгнийхээ болон хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ хариуцлагаа хүлээхгүй бол яах вэ гэдэг нь тодорхойгүй. Асран хамгаалагчдад хариуцлага тооцох асуудал тодорхой бус, хуулийн гадна үлдсэн гэж ойлгож болно. Мөн тэдний эрх, үүргийг нарийвчлан тодорхойлсон, хүүхдийн эрхийг хангах, харь гэр бүлд монгол хүүхэд үрчлэх, гадаадын иргэнтэй гэрлэгсдийн харилцааг нарийн зохицуулсан заалтууд дутмаг.
Гэр бүл судлаачид төдийгүй залуус ч шинэчлэлийг, нийгмийн хэрэгцээ шаардлага хангахгүй “унтаа” хууль биш, амьдралын хөрсөнд буусан, гарт баригдаж, нүдэнд харагдахуйц бодит өөрчлөлтийг хүсэж байна. Залуус төрд гэр бүлийн талаар баримтлах бодлогоор ажилтай, орлоготой, орон байртай байх буюу эдийн засгийн хувьд бие даасан хараат бус байх боломж олгооч хэмээсэн. Товчхондоо, тэд халамж хүртээд гараа хумхиад, зүгээр суухыг бодоогүй. Төрд бүх зүйлээ хариуцуулаад амьдрах бус, өөрсдөө хөдөлмөрлөе л гэж буй. Мөн залуу хосуудад зөвлөгөө өгдөг, асуудалтай тулгарахад түүнийг нь шийдэх сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг нийгэмтэй байхыг зорьсон. Учир нь гэр бүлд зөвлөгөө өгдөг хүртээмжтэй орчин Монголд үндсэндээ алга. Үүний улмаас залуус өөрсдөө ч мэдэлгүй нэгнээ хүчирхийлж байна. Нийгмийн харилцаанд орохдоо алхам тутамдаа шударга бус зүйлтэй нүүр тулдаг. Хэчнээн хөдөлмөрлөсөн ч авдаг хэд амьдралд нь хүрэлцдэггүй гэхэд хилсдэхгүй. Ингээд ахуйн хүрээнд зөрчил үүсэж, даамжирсаар гэр бүлийн хүчирхийлэл болох нь олон. Гэтэл хамгийн харгис гэмт хэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл байдаг. Хайрлаж хүндэтгэх учиртай ойр дотнынхноо дарамталдаг учраас тэр.
Говьсүмбэр дэх хорих 425 дугаар ангид хүмүүжиж байсан залуу эргэлтээр ирсэн эхнэрээ, дараа нь өөрийгөө боомилсон ноцтой хэрэг уржигдар гарлаа. Харуул, хамгаалалттай, хяналт чангатай, төрийн онцгой объектод гэр бүлийн хүчирхийлэл гарсан нь дээрх хуулийг даруй батлах ёстой, гэр бүлд чиглэсэн бодлого хэрэгтэйг сануулсан дохио биш гэж үү.
Монгол гэр бүлийн үнэ цэн гурван зүйл дээр тогтнож ирсэн. Хүндэтгэх, хайрлах, хүнлэг харилцааг эрхэмлэх нь монгол гэр бүлийн үнэт зүйл байлаа. “Үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх сэн, амьд сэрүүн цагтаа хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэх сэн” хэмээн аав, ээжүүд үүрэг хариуцлагаа ухамсарлахад гэр бүлийн үнэ цэн оршиж байж. Мөн өвөг дээдэс, эцэг, эх, ирээдүй хойч минь гэсэн гурван үеийн хэлхээнд удам угсаа гэр бүлийн нэр төрийг ихэд эрхэмлэдэг, сэвтээх ямар нэг бусармаг зүйл хийхгүйг хичээж иржээ. Харин уг бодлого өдгөө алдагдаж, улстөрчид Гэр бүлийн тухай хуулиа шинэчлэхээс хойш суусаар. Залуус, гэр бүлүүд дөрвөн парламентын нүүр үзсэн ч итгэл тасралгүй батлахыг нь хүлээсээр л.
Б.СОЛОНГОО: Гэр бүлийн тухай хуулийн төслийг энэ долоо хоногт олон нийтээр хэлэлцүүлнэ
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, Гэр бүлийн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Б.Солонгоогоос зарим зүйлийг тодрууллаа.
-Та Гэр бүлийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахлаад жил гаруй боллоо. Хуулийн төслийг боловсруулах ажлын явц хэр ахицтай байна вэ?
-Гэр бүлийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ХЗДХЯ-нд төвлөрч судалгаа, хэлэлцүүлэг хийж дууссан. Хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулж, гэр бүлийн асуудалд хамаарах олон сэдвээр нийгмийн оролцогч талуудыг урьж хийсэн. Гэр бүлийн тухай хууль нийгмийн гол харилцааг зохицуулахаас гадна хувийн эрх зүйн суурь учраас иргэний хуультай илүү нийцэх ёстой хэмээх үндэслэлээр манай яамнаас ажлын хэсгийг ахалж байна. Гэхдээ ХНХЯ-тай уялдаа холбоотой ажиллаж байгааг онцлох нь зүйтэй.
-Хэлэлцүүлгээр нийгмийн оролцогч талууд, судлаачдын хэлсэн гол санаа нь юу байсан бол?
-Гэр бүлийн тухай хууль бол гэр бүлийн харилцааны суурь зохицуулалт юм. Хуулийн төслийг боловсруулах явцад иргэд гурван асуудалд төвлөрч саналаа өгсөн. Нэгдүгээрт, гэр бүлийн тогтвортой байдлаа хангаж чадаагүй өрхийн гишүүнд хариуцлага тооцуулах. Өөрөөр хэлбэл, салалтын дараах хууль зүйн асуудлыг сайн тусгаж өгөхийг хүссэн. Хоёрдугаарт, хүүхдийн тэтгэмжийн асуудлыг нарийн хуульчлах санал гаргасан. Одоогийн байдлаар тэтгэмж өгөх ёстой иргэдийн 50 хувь нь л өгч байна. Гуравдугаарт, гэр бүл салсан тохиолдолд дундын өмч хөрөнгийн хуваарилалтын зохицуулалтыг сайтар тусгаж өгөхийг хүссэн юм.
-Иргэдийн дунд хүлээлт их байна. Төслөө олон нийтэд хэзээ танилцуулах вэ?
-Бид энэ долоо хоногтоо багтааж хуулийн төслийг ХЗДХЯ-ны цахим хуудсанд байршуулж, олон нийтээр хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. ХНХЯ-тай зөвшилцөөд үзэл баримтлал эцэслэгдсэн.
-Хуулийн төсөлд ямар заалтууд шинээр тусгав?
-Гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, эрхийг төсөлд нарийвчлан тусгалаа. Үүнд эцэг, эх нь хүүхдээ асран хүмүүжүүлэх, өсгөх үүргийг орхигдуулаагүй. Тодруулбал, үүргээ хэрэгжүүлэхгүй бол эрхийг нь хэрхэн хязгаарлах вэ гэдгийг заасан. Гэр бүлийн гишүүд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настнаа хэрхэн харж хандах, мөн хамтран амьдрагчийн асуудлыг ч оруулсан. Тээгч эх, үрчлэлтийн дараах үр дагавар, ДНХ-гийн лавлагааны асуудал болон гэрлэлтээс өмнөх гэрээний асуудлыг хуулиар зохицуулах заалтууд тусгалаа.