Барилга, хот байгуулалтын яам, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ, “Монголын Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ өнөөдөр хамтран “Барилга байгууламжийн зураг төслийн чанар, хяналтын тогтолцоо” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга болон ЭМЯ, ОБЕГ, аймаг, нийслэлийнг ГХБХБГ, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар, Монголын архитекторуудын эвлэл, салбарын бусад ТББ, барилгын зураг төслийн гүйцэтгэгч компаниудын төлөөллүүд оролцож, санал бодлоо солилцлоо.
Энэ үеэр Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа “Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Барилгын салбарын нэгдсэн зөвлөгөөн” ирэх сарын 16-ны өдөр болно. Үүнээс өмнө барилгын салбарынхан чиглэл бүрээр салбар хуралдааныг зохион байгуулдаг. Тэгвэл өнөөдөр Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, “Монголын Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ хамтран “Барилга байгууламжийн зураг төслийн чанар, хяналтын тогтолцоо” сэдэвт салбар зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Барилгын чанар нь зохион байгуулалт сайтай, эрүүл ахуй, онцгой байдлын шаардлага болон барилгын норм, чанар хангасан зөв зургаас ихээхэн хамаардаг. Монгол Улсад барилгын зураг зурдаг 700 гаруй компаниуд байгаа ч боловсон хүчин дутмаг байна. Тиймээс бид боловсон хүчнийг чадавхжуулах, зургийн чанар, хяналтын тогтолцоог сайжруулах тал дээр анхаарч энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна" гэв.
Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл систем” буюу барилгын салбарыг цахимжуулах ажлыг эхлүүлээд явж байна. Өнөөдрийн байдлаар барилгын тусгай зөвшөөрөл олгох цахимжуулах ажил 85 хувьтай явж байна. Үүнээс гадна зураг төслийн хяналтын тогтолцоо цахим хэлбэрт шилжиж байна. Цаашид барилгын бүхий л салбарыг цахим хэлбэрт шилжүүлнэ” гэдгийг онцоллоо.