Батлан хамгаалахын хууль тогтоомжийг сурталчилж, "Бидний бахархал” төслийг орон нутагт хэрэгжүүлэх арга хэмжээ Булган аймгийн сумдад үргэлжилж байна.
Энэ хүрээнд тус аймгийн Сэлэнгэ сумын иргэд, ЕБС-ийн сурагчид, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдад танилцуулга мэдээллийг хүргэж, тодорхой сэдвүүдээр лекц уншлаа. Тодруулбал, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга хурандаа Р.Энболд Батлан хамгаалах хууль тогтоомж, бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн бол ҮБХИС-ийн ахмад багш бэлтгэл хурандаа С.Энхтайван “Залуучуудын эх оронч үзэл хүмүүжлийн онцлог асуудлууд” сэдвээр лекц уншсан юм.
Мөн тус сумын ЕБС-ийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн 3х3 тэмцээнийг зохион байгуулж түрүүлсэн багийн тамирчдад БХЯ-ны "Шонхор" хүүхдийн зусланд амрах эрхийн бичиг гардуулав.
Түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчин цэргийн алба хаагчдаа энхийг дэмжих ажиллагаанд оролцуулж эхэлсний 20 жилийн ойд зориулан бэлтгэсэн “Энхийн үйлсэд 20 жил”, эх орон, эх түүхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн “Тусгаар тогтнолын үнэ цэн” баримтат киног хүрэлцэн ирсэн иргэд, хүүхэд залуучуудын хүртээл болголоо. Арга хэмжээний төгсгөлд ЦДБЭЧ-ын уран бүтээлчид хэсэгчилсэн урлагийн тоглолтыг толилуулсан юм.
Үргэлжлүүлэн Байлдааны гавьяаны улаан тугийн болон "Алтан гадас" одонт Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Үлээвэр найрал хөгжмийн алба хаагчид дуут жагсаалын үзүүлбэр, хугацаат цэргийн алба хаагчид жагсаалын, Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн цэргийн алба хаагчид гардан тулааны үзүүлэх тоглолтыг сумын нийт иргэд, хүүхэд залууст сонирхуулав.