Асуудалд төвлөрсөн уламжлалт хандлага өөрчлөгдөж шийдэлд чиглэсэн сэтгүүл зүйн шинэ хэлбэр бий болжээ. “Solution journalism” буюу шийдлийн сэтгүүл зүй нь хүн бус, асуудалд чиглэж, учир шалтгааныг тодруулан, шийдэх гарц гаргалгааг бодит жишээ баримтаар үлгэрлэж харуулдаг онцлогтой. Асуудалд төвлөрсөн сэтгүүл зүйн хандлагыг “гацаанаас” гаргаж, шийдлийг эрэлхийлэх аргад тулгуурласан чиглэл юм. Өөрөөр хэлбэл, “хоточ нохойн” үүрэгтэй зэрэгцэн “хөтөч нохойн” үүрэг гүйцэтгэх болсон шийдлийн сэтгүүл зүйн тал бүрийн аргыг олон улсын хэвлэлийнхэн үйл ажиллагаандаа нэвтрүүлээд буй аж. МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим нийгмийн хариуцлагын үүднээс мэргэжлийн шинэ чиглэлийг танилцуулах, арга туршлагыг нь нэвтрүүлэх зорилгоор АТГ, Шийдлийн сэтгүүл зүйн олон улсын байгууллагатай хамтран “Асуудлаас шийдэл рүү” практик сургалтыг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа.
“Шийдлийн сэтгүүл зүй гарц гаргалгааг эрэлхийлдэг олон асуудлын нэг нь авлига. Нэгэнт болоод өнгөрсний дараа шуугих биш, харин урьдчилан сэргийлэх нь авлигыг бууруулахад хамгийн үр дүнтэй арга байдаг. Сэтгүүлчийн үүрэг оролцоо үүнд нэн чухал” гэдгийг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн энэ үеэр хэлсэн юм. “Асуудлаас шийдэл рүү” сургалтыг шийдлийн сэтгүүл зүйн олон улсын байгууллагын сургагч багш Жей Марлон Карр удирдан явуулсан. Шийдлийн сэтгүүл зүйн арга зүй, түүнийг хэрэглэж үр дүнд хүрсэн сайн туршлага, авлигыг бууруулсан жишээг ярилаа. Манайд авлигын асуудлыг хэрхэн сурвалжилж, мэдээлж буй талаар МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийнхэн 15 мянга орчим датад судалгаа хийснийг дэд профессор Т.Өнөрсайхан танилцуулсан юм. Тэд өдөр тутмын зургаан сонин, 10 цахим хуудас дахь мэдээлэлд судалгаа хийсэн байна. Авлигын сэдэвт мэдээллийн 81 хувь нь “авлига авсан хүн, мөнгөн дүн” гэсэн хоёр баримтын хүрээнд нэг удаад дурдагдаад өнгөрөх мэдээ хэлбэрээр бичигддэг аж. Гэтэл мэдээ нь нэг өдрийн сенсац болохоос биш асуудлыг шийдэл рүү хөтөлдөггүй гэдгийг сургагч багш Жей Марлон Карр хэлж байлаа.
“Асуудлаас шийдэл рүү” сэтгүүлчдэд зориулсан практик сургалт нь мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагааг дэмжих, шинэ чиглэлийг танилцуулж түгээх зорилготой хийж буй МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн олон ажлын нэг юм. Уг ажлын хүрээнд энэ сарын 25-нд “Даяаршлын үеийн хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах аж.