Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга асан Б.Хурцыг Лондонд саатуулсны дараахан Дамирангийн Энхбат агсны хүү Э.Золбоо Э.Золбообаяр нар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад өргөдөл бичиж байсан юм. Тэд захидалдаа “...Бидний аав зохион байгуулалттай хилс хэргийн улмаас эрүүдэн тамлуулж, амь насаараа хохирсон нь үнэн тул аавын маань нэр төрийг албан ёсоор цагаатгаж өгнө үү. Тухайн үед Монгол Улсын төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүдэд хандаж байсан ээж болон аавын дүүгийн хүсэлтэд өгсөн шиг хариу авахгүй гэдэгтээ итгэж байна...” гэжээ.
Тэдний захидалд одоо хэр нь тодорхой хариу өгөөгүйн дээр аавынх нь нэр төрийг сэргээх талаар ямар ч зүйл хийгүй байгаад гомдолтой явдаг аж. Тэд саяхан ХБНГУ, Английн олон улсын хүний эрхийн байгууллагад хандах тухай хүсэлтээ өмгөөлөгчдөө гаргажээ. Тэд өмгөөлөгчийнхөө зөвлөсний дагуу шаардлагатай баримтыг бүрдүүлж эхэлжээ.