Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хуулийн төсөлд бүрэн тусгасан, эсэх, тус зардлыг нэгдсэн төсвийн зардлаас Ирээдүйн өв сангийн зардалд шилжүүлж, хүүхдүүдийг хуримтлалтай болгох боломжтой эсэх, үр дүнд нь төсвийн тэнцлийг сайжруулах боломжтой эсэх, мөн Засгийн газрын өрийн хэмжээг хуулийн төслийн танилцуулгад дурдсан 49 хувьд барих боломжтой эсэх талаар асууж, хариулт авсан байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн 2024 оны төсвийн төслийг боловсруулахдаа энэхүү төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэх боломжтой эсэх талаар асуусан байна.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 60 гэснийг 51 болгож бууруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүйг дурдав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдээс Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт, санал хэлээгүй тул зарчмын зөрүүтэй саналаар санал хураав. Байнгын хорооны дэмжсэн саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дараа нь хийлээ. Төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдааны үед Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр боловсролын асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут нүүрсний экспортын талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ашигт малтмалын бодлого, эрчим хүч болон боловсролын асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, экспортын талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг аялал жуулчлал, хөрсний бохирдлын тааар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн талаар тус тус асууж, санал хэлжээ.
Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс боловсруулсан Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд тусгах улсын төсөв, төр хувийн хэвшлийн түншлэл болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, биелэлтийг жигд зохион байгуулах, Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бий болгох асуудлыг Засгийн газарт чиглэл болгох зэрэг зарчмын зөрүүтэй 16 санал болон Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, С.Ганбаатар, С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Ж.Чинбүрэн, Н.Ганибал, Ж.Бат-Эрдэнэ, Т.Энхтүвшин, Д.Батлут нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн байна. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн гаргасан Ховд аймгийн Цэцэг сумыг хэвтээ тэнхлэгийн замтай холбох саналыг дэмжээгүй байна.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Ц.Туваан, Н.Наранбаатар, Д.Батлут, Х.Баделхан, Б.Бейсен, Б.Баярсайхан нар асуулт асууж, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй Ажлын хэсгийн гишүүд дэлгэрэнгүй хариулт өгөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням Дархан, Б.Баярсайхан Завханы замыг дуусгаж өгөхийг хүслээ.
Хэлэлцэн буй асуудлаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад ихэнх саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд зарим саналд тусгагдсан асуудлыг гүйцээн боловсруулах чиглэл өгөв. Мөн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураах үед гишүүдээс гаргасан саналыг хөгжлийн төлөвлөгөөнд тусгах, үүний тулд холбогдох судалгаа, тооцооллыг хийх шаардлага гарсан тул тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.