Өнгөрсөн жил Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрхийг нь цуцалсан мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд, мах бөөнөөр худалдаалах төвийн үйл ажиллагаанд холбогдох хууль, дүрэм журам, тогтоол шийдвэр, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийн, үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгасан эсэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, шийдвэрлүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа.
2023 оны тавдугаар сарын 19-ний шөнийн 3 цагаас өдрийн 14 цагийн хооронд Хүчит шонхор, Нарантуул-2 худалдааны төв, махны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагчид төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийв. Хүчит шонхор худалдааны төв нь нийслэлийн махны худалдааны 80 хувийг бүрдүүлдэг бөгөөд өнөөдрийн хувьд 25-30 тонн мах хөдөө орон нутгаас нийлүүлэгдсэн бөгөөд хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй байна.