Үйлчилгээний буюу бизнесийн зориулалттай барилга барих зөвшөөрөл хүссэн иргэн олон байдаг. Дээрх зөвшөөрлийг олгох эсэхийг шийдэх хурал долоо хоногт нэг удаа хуралдаж байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байгаа учир хурлын давтамжийг нэмэх хүсэлтийг иргэд удаа дараа тавьж байгаа юм.
Иймээс Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг, Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам, Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Д.Хан-Уул нарт үйлдвэрлэл, үйлчилгээний буюу бизнесийн зориулалттай барилга барих зөвшөөрлийг богино хугацаанд шийдвэрлэж байх үүрэг өглөө. Тодруулбал, дээрх зөвшөөрлийг олгох хурал долоо хоногт нэг удаа хуралддаг байсан бол ирэх даваа гараг буюу тавдугаар сарын 22-ноос долоо хоногт 2-3 удаа хуралдан судалж, шийдвэр гаргах хугацаагаа богино болгохоор болж байгаа юм. Гэхдээ шуурхай шийдвэр гаргахдаа бүгдэд зөвшөөрөл өгөх биш, шийдвэрлэхээр судлах хугацаагаа богино болгоход ач холбогдол өгөх ёстой гэдгийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн анхаарууллаа.
Мөн тэрбээр “Үйлдвэрлэл, үйлчилгээний барилгад онцгой анхаарах шаардлагатай байна. Учир нь ихэнх үйлдвэр, агуулах хотын захад бий. Энэ нь төвлөрлийг сааруулах болон хотын захад ажлын байр олноор бий болгох ач холбогдолтой. Мөн эдийн засагт өгөх өгөөж нь өндөр тул ийм барилгын тоог нэмэхэд хотын зүгээс хүндрэл, хүнд сурталгүй байлгахад ач холбогдол өгөх ёстой. Манай оронд дулааны улирал богино тул бүтээн байгуулалт хийх хугацаа бага байдаг онцлогтой. Энэ төрлийн шийдвэрийг бизнесийнхний хэрэгцээ, шаардлагад нийцүүлж, түргэн шуурхай гаргаж байх шаардлагатай байдаг. Одоогоор нийслэлд 150 зөвшөөрөлгүй барилга баригдаж, нураах асуудал яригдаж байна. Мөн газар олголттой холбоотой 250 шүүхийн маргаан бий. Эдгээр асуудал үүсэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь газар олголтын шийдвэрлэлтийн үйл явцад хугацаа алддаг асуудал” гэдгийг хэлж байв. Эцэст нь энэ удаагийн үүрэг, даалгаварт хотын А бүс болон тусгай хамгаалалттай газар орохгүй гэдгийг онцоллоо.