УИХ-ын гишүүн Д.Адьшаа, Ш.Раднаасэд, Т.Доржханд, Шадар сайд С.Амарсайхан, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн зэрэг өдгөө төрийн өндөр албан тушаал хашиж буй цөөнгүй хүний хүүхэд, хамаарал бүхий этгээд Боловсролын зээлийн сангийн зээл, тэтгэлгээр гадаадад суралцсан нь ил болоод буй. Иргэд, олон нийт тэднийг эрх мэдэл, албан тушаал, мэдээлэлд ойр байдлаа ашиглан зээл, тэтгэлэг авсан хэмээн үзэж хариуцлага хүлээн, зээлээ төлөхийг шаардсаар байгаа билээ. Тэгвэл ХҮН намын дарга Т.Доржханд ирэх намар гэхэд хүүгийнхээ зээлийг төлөх ам гарлаа. Тэрбээр
“Миний хүү дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг Кэмбрижийн их сургуульд 2019 онд тэнцэж, журмын дагуу зээл авсан. Аав нь 2020 онд УИХ-ын гишүүн болоход өөрийн саналаар зээлээ зогсоосон. Үүнийгээ төлөхөөр мөнгө цуглуулж байгаа. Ирэх намар гэхэд төлж дуусгах боломжтой гэсэн. Хэрэв чадахгүй бол би хүнээс зээлээд төлчихнө”
гэлээ. Түүний хүү Д.Эрдэм Боловсролын зээлийн сангаас 33 500, эхнэр У.Сийлэн нь 32 000 ам.долларын зээл авчээ. Нэг гэр бүлийн хоёр хүн Засгийн газрын тусгай сангийн санхүүжилтээр гадаадад суралцсан нь олон нийтийн анхаарал татаж буй. Харин Т.Доржханд гишүүн үүнийг өөрийг нь төрийн өндөр албан тушаалд томилогдохоос өмнөх үед болсон явдал гэж тайлбарлалаа. Ташрамд дурдахад, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангаас зээл, тусламж авсан бүх хүний гэрээг ил болгохоо өчигдөр мэдэгдлээ.
Бэлтгэсэн: Ж.Гантиг