Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Зэвсэгт хүчинд нэгтгэл, ангиудад хэрэгжиж байна. “Хүний хөгжлийн эко, ногоон орчныг бүрдүүлье” төслийн хүрээнд Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүн өнөөдөр байнгын байрлалын гадна, дотно орчинд гацуур, шинэс модны суулгацыг тарьж суулгалаа.
Модны суулгац тарихын өмнө агрономич З.Болдбаатар бүрэлдэхүүнд хэрхэн тарих, хэрхэн арчлах, юунд анхаарах тухай мэдээлэл хүргэв. Тэрээр Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын мод тариалалтад мэргэжлийн дэмжлэг үзүүлж, заавар зөвлөгөө өгч байгаа агрономич юм. З.Болдбаатар ярихдаа “Та бидний ухсан модны тогоо буюу нүх нь том байх тусмаа сайн. Том байж, үндэсний систем нь тэлж, мод өндөр, сүрлэг ургана. Мэдээж нүх нь модны онцлогоос хамаарах бөгөөд ойролцоогоор 50-60 см гүн заавал ухсан байх ёстой. Модоо суулгахын өмнө хөрсөө бас бэлдэх хэрэгтэй. Бордоо, хар шороо, элсийг багсарч холиод үндсээ далд ортол нь чигжиж булна. Зарим хүн нүхнийхээ шороог эргүүлж булдаг, энэ бол буруу. Хатуулаг ихтэй учраас ургах магадлал буурна гэсэн үг. Усалгааны хувьд өглөө, оройдоо хөрс рүүгээ чиглүүлж усална. Мөчир рүү усаар шүршихээр амархан гэмтэж, хугардаг” зэрэг мэдээллийг хүргээд, арчилгаа, тордолгоог нь сайн гүйцэтгэж чадвал гацуур жилдээ 40-50 см ургадаг гэсэн юм.
Хуурай замын цэргийн командлалынхан байнгын байрлал болон албан тушаалын 30 айлын орон сууцны эргэн тойрны ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн сацуу түүнийг дагасан тохижилтын ажлуудыг гүйцэтгэж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхэн 2030 он гэхэд 27 сая ширхэг мод тарьж, 7 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд үүний нэг нь алба хаагчдынхаа ажиллах ая тухтай орчныг бүрдүүлж, ногоон хотхон байгуулах зорилт билээ.