Хуурай салхилж, сул шороо манарсан, сэрүүхэн энэ үед айлын хашаанд дуслын усалгааны системээр “бороо орж”, тэрүүхэнд нь солонго татан, чийг, ногооны үнэр сэнхийн, хүлэмжийн үүднээс халуун агаар пүнхийх нь сайхан юм. Хүлэмжүүдэд нарийн ногоо, цэцгийн үрслэгээ соёолон ногоорч, сонгино, бууцай, салатны навчаа хурааж эхэлжээ. 100 гаруй ам метр талбайтай нэг хүлэмжид эгнүүлэн тарьсан, тохой хэрийн өндөр ургасан ногоон сонгины ааг хамар цоргин, хүмүүс хураан, айв. Өөр нэг хүлэмжид 10 орчим төрлийн цэцэг үрслүүлсэн бол бусдад нь бууцай, өргөст хэмх, улаан лооль, гүзээлзгэнэ тарьсан аж.
Нийт 17 хүлэмжид 20 гаруй төрлийн нарийн ногоо, цэцэг, жимс тарьсан энэ айл бол Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн Ц.Амарсанаагийнх. Тэднийх долоон ам бүлтэй, өрхийн тариалангаас л орлого олдог айл. Хашааны талбай нь ч нэлээд том, 10 орчим айлынх буюу 6400 ам метр. Ц.Амарсанаа эхнэр Ц.Сүнжидмаагийн хамт 2009 оноос өрхийн тариалан эрхэлжээ. Гэрийн эзэд хэрэгцээнийхээ л төмс, хүнсний ногоо тарьж байгаад 2009 онд цалингийн зээл авч 100 гаруй ам метр хүлэмж барин, нарийн ногоогоор “дагнасан” байна. Өдгөө хүлэмжийнх нь нийт талбайн хэмжээ 1500 м метрт хүрч, байнгын болон түр ажилчидтай болжээ. Энэ хавар цаг агаар сэрүүвтэр байгаа учраас уржигдар л сонгино, салатны навчны анхны ургацаа хурааж эхэлснээ агрономич Ц.Сүнжидмаа хэлсэн. Хүлэмжүүдэд бусад бүтээгдэхүүний үрслэгээ бойжиж буй бөгөөд удахгүй борлуулж эхэлнэ.
Ц.Сүнжидмаа 2005 онд ХААИС-ийг агрономич мэргэжлээр төгсөн үр тарианы аж ахуйд 2-3 жил ажиллаад л өрхийн тариалангаа эрхэлсэн юм байна. Түүний гол зорилго бол хашааныхаа газарт бүх төрлийн хүнсний ногоо тарьж, хэрэгцээгээ хангахын зэрэгцээ орлогоо өсгөхийг иргэдэд үлгэрлэн, ойлгуулах. Тухайлбал, айлууд 0.07 га газрынхаа 10-20 хувьд л төмс, хүнсний ногоо тарьдаг болчихвол 4-5 ам бүлтэй айл хэрэгцээгээ элбэг хангах гэнэ. Нэмээд 100 ам метр талбайтай нэг хүлэмж барин, нарийн ногоогоо таривал борлуулж, орлого олж эхэлнэ гэсэн үг. Багахан хичээл зүтгэлээс ашигтай олон санаа гарч, улмаар амьжиргаагаа дээшлүүлэх боломж өрхүүдэд бүрэн байгааг Ц.Сүнжидмаа ахин дахин өгүүлсэн.
Иргэд том талбайд, олон төрлийн ногоо тарих нь ашигтай хэмээн тооцон ажлаа эхлүүлдэг ч алдагдал хүлээх нь цөөнгүй гэнэ. Учир нь том талбайдаа хүрч ажиллаж чадахгүй, таримлын ургалтын технологийн хугацаа бүрт арчилж амжихгүйгээс ургац алдах, ногоогоо өвчлүүлэх нь түгээмэл аж. Харин бага талбайг зөв ашиглан, хурдан ажиллаж сурвал ашигтай байхнь. Жишээлбэл, нэг ам метр талбайд 120 ширхэг цэцгийн үрслэгээ бойжуулж болдог юм байна. Үүний нэгийг нь одоогийн ханш болох 1500 төгрөгөөр борлуулбал ам метр тутмаас гэхэд 180 000 төгрөгийн орлого олж болно. Ам метр талбай гэдэг бол хааш хаашаа нэг алд орчим хэмжээ бөгөөд үүнээс том талбайд цэцгийн үрслэгээ бойжуулбал төдий чинээ л их орлого олно гэсэн үг.
Ц.Амарсанаагийнх ашиглаж буй хүлэмжүүдээ өөрсдөө барьжээ. Хүлэмжийн бөмбөгөр оройн төмрийг матийлгах багажтай хүнээс тусламж авснаас бусдыг өөрсдөө барьж босгосон аж. Хүлэмжүүд нь бүгд зуных бөгөөд ногоогоо гүний худгаас дуслын системээр усалдаг. Ийм усалгаа нь ус бага зарцуулахын зэрэгцээ ногоог шаардлагатай чийгээр тасралтгүй хангадгаараа давуу талтай. Ер нь өрхийн тариалан эрхэлж нарийн ногоо, цэцэг тарьж буй айлууд газраас жилд хоёр, хүлэмжээс дөрвөн удаа ургац авах боломжтой гэнэ. Ногооны үрийн хувьд элбэг, бууц ашиглах нь хөрсөө тордох хямд бөгөөд үр дүнтэй арга гэдгийг мэдээд авбал илүүдэхгүй.
Манай улс эрс тэс уур амьсгалтай, сэрүүвтэр учраас зөвхөн дулааны улиралд л нарийн ногоо тарих боломжтой. Нарийн ногоо тарьдаг айл өрх, аж ахуйн нэгжүүд хичээн хөдөлмөрлөсөн ч зун бүтээгдэхүүний үнэ хэт хямдардаг, ченжүүдэд бөөнөөр нь хямдаар борлуулахаас өөр сонголтгүй байдаг бэрхшээл бий. Энэ талаар Ц.Сүнжидмаа “Зуны хүлэмжээс ургац хураах хугацаа орон даяар адилхан байдаг учраас дулаармагц ногооны үнэ хямдарч, ногоочдод ашиггүй болж ирдэг. Манайх гэхэд салатны навчийг дгөө бөөнөөр нь, кг-ыг нь 2000 гаруй төгрөгөөр борлуулж эхэллээ. Ногоогоо “Барс”-ын ченжүүдэд хямд өгөхөөс өөр арга байхгүй. Учир нь дулааны улиралд навчит ногоо хурдан ургадаг ч шинээр нь түргэн борлуулах шаардлага үүсдэг. Ногоочид бүтээгдэхүүнээ тээвэрлээд ийш тийш дэлгүүр, худалдааны төвд нийлүүлнэ гэвэл хугацаа алдан, чанар нь муудна. Хэрэв монгол ногоочид, өрхийн аж ахуйтнуудад зориулсан байнгын зах, худалдааны гудамж нээж өгвөл иргэд дамласан үнээр бүтээгдэхүүн худалдан авахгүй, ногоочдод ч ашигтай байх сан” хэмээн ярив.
Нарийн ногоо тарьж, үрслэгээ бойжуулж буй айл бүрл өвлийн хүлэмжтэй болох зорилготой болов уу. Гэтэл ийм хүлэмж барих зардал өндөр буюу 20 орчим ам метр талбайтай хүлэмж босгоход наанадаж 100 сая төгрөг шаардлагатай учраас санхүүжилт олоход бэрхшээл тулгардаг аж. Ц.Амарсанаагийнх 10 гаруй жил өрхийн тариалан эрхэлж, хашааны газраа 20 сая төгрөгөөр үнэлүүлж, хүлэмжүүдээ 200 гаруй арьсан боловч арилжааны банкуудын зээлийн шалгуур хангахгүй, өвлийн хүлэмжийн санхүүжилт авч чадахгүй хэвээр байгаа юм. Энэ нь банкууд заавал үл хөдлөх хөрөнгө, орон сууц барьцаалж зээл олгохыг эрмэлздэгтэй холбоотой. Ийм нөхцөл байдлаас өрхийн тариаланчдыг гаргах, бизнесийгнь өргөжүүлэхэд Зээлийн батлан даалтын сан чухал нөлөөтэйг Ц.Сүнжидмаа хэлж байна. Тэрбээр “Өрхийн тариаланчид, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хийж буй ажил, бизнес нь зээлийн баталгаа болдог бол сайхан сан. Манайх гэхэд жил ирэх бүр хашаагаа томруулж, хүлэмжийн талбайгаа өсгөн, овоо л хөдөлмөрлөж буй айл. Гэсэн ч шууд зуу зуун сая төгрөг гаргаад өвлийн хүлэмжүүд барьж чадахгүй. Ер нь өвлийн хүлэмж барьсан зардлыг эхний таван жилдээ нөхөхгүй, ашиггүй ажиллана. Таваас дээш жилийн дараа ашиг нь тогтворжин өгөөжөө өгч эхэлнэ. Хэрэв хүү багатай зээл олгон, өрхийн тариаланчдыг өвлийн хүлэмжтэй болоход дэмжлэг үзүүлбэл хэдэн жилийн дараа гэхэд өвөлд бид хямдавтар, хамгийн гол нь дотоодод ургуулсан нарийн ногоо, жимс иднэ гэсэн үг. Төмс, хүнсний болон нарийн ногоо тарьдаг иргэд, өрхийн аж ахуйтнуудыг дэмжин хөнгөлөлттэй зээл өгч байна гэдэг ч манайх лав авч үзээгүй” гэлээ.
Ц.Амарсанаагийнх хоёр айлын хашааны газрын хэмжээтэй талбайд энэ жил дан сонгино тарьжээ. Тэр талбайгаас ирэх өвөл хүртэл хоёр дахиж ургац хураах бөгөөд нэг удаадаа 10 гаруй сая төгрөгийн орлого олох боломжтой гэсэн. Мөн сонгинын талбайн ургацын орлогын тодорхой хувийг ажилчдадаа өгөхөөр гэрээ байгуулжээ. Цалинжуулахын зэрэгцээ ургацын орлогоос хувь өгнө гэвэл иргэд дуртай ажилладаг байх нь. Гэхдээ л ид ажлын үед ажиллах, туслах хүнгүй болох, зарим хүн хэдэн өдөр ажиллаад л халширч зугтах бэрхшээл бий. Гэрийн эздийн хувьд өвлийн 11-2 дугаар сарын хооронд амрах хугацаандаа үрслэгээний бортогоо бэлтгэх, хүлэмжээ тордох зэргээр ажилласаар л байдаг гэнэ. Харин дулааны улиралд 04.00 цагаас эхлэн дөрт 14-18 цаг ажиллаж хэвшжээ.