Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс тавдугаар сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 136 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 32 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 90 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 836 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 804 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 4 мэдэгдэл хүргүүлжээ.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчийн судлалын удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Нямхүү нь хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргийг, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Хилийн цэргийн ...-р ангийн эрх бүхий албан тушаалтан нь албан үүрэг, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх;
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж зөрчил гаргагчид давуу байдал бий болгосон гэх;