Бүхий л шатны сургуулиудад төгсөлтийн баярын “сезон” ирлээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид төгсөлтийн баяраа хаана, яаж хийх, багшдаа ямар бэлэг авч өгөхөө төлөвлөн, эцэг, эхээсээ мөнгө “татдаг” уламжлал эхэлсэн нь хаа сайгүй дуулдах сургаас тодорхой байна. Төгсөлт гэхээр хүүхдүүд, эцэг, эхчүүд хөл алдах мэт хөөрцөглөдөг нь гэм биш, зан болсон гэлтэй. Ялангуяа төгсөлтийн баярын нэгэн уламжлал нь багш нарт бэлэг авч өгдөг болоод удлаа. Энэ нь сурагчдын эцэг, эх, асран хамгаалагчдад асар их дарамт болдгийг сануулах нь илүүц биз. БШУЯ-наас өнгөрсөн жил Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийг шинэчилсэн. Уг дүрмээ баримтлан багш нар бэлгээсээ татгалзвал яасан юм бэ гэдгийг энэ удаад хөндье.
Баримтлах зарчим, багшийн мэргэжлийн нэр хүндийн баталгаа, ёс зүйн хэм хэмжээ, хариуцлага, ёс зүйн дүрмийн хэрэгжилт гэсэн бүлгүүд бүхий уг дүрэмд багш нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хичээл, сургалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотойгоор хүүхэд, эцэг, эх, олон нийт болон хамтран ажиллагчидтай хууль бус санхүү, эд хөрөнгийн харилцааг тэвчих тухай заасан. Мөн хүүхэд, багш болон бусад ажилтны талаар шийдвэр гаргахдаа хувийн ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй асуудлыг шийдэхээс татгалзах, урьдчилан сэргийлэх, хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчаас тоног төхөөрөмж, эд материал зэргийг худалдан авахыг ятгах, хууль бус орлого олохоос татгалзах, ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулахгүй, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардахгүй байх, хүлээн авахаас татгалзах тухай ч заасан. Бэлэг сэлт, хээл хахууль авахаас сэргийлэх, ажил, үүргээ гүйцэтгэсний төлөө сурагч, эцэг, эхээс шан харамж, хээл хахууль авах, өгөхөөс татгалзах, зуучлахгүй байх, төгсөлт, элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ, баяр ёслолын үед хүүхэд, тэдний асран хамгаалагч, Эцэг, эхийн зөвлөлийг үнэтэй бэлэг өгөхөөс аргагүйд хүргэхгүй байх үүрэгтэй хэмээсэн. Дүрэм зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан нь зохих журмын дагуу хийсэн шалгалтаар тогтоогдсон, ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй боловсролын салбарын ажилтнуудад эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх учиртай.