Монгол Улсын иргэд визгүй зорчдог БНХАУ, Малайз, Сингапур зэрэг Азийн оронд монгол иргэд бусдын эд хөрөнгийг хулгайлах, хориглосон эд зүйлс, бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх, хууль бусаар оршин суух буюу оршин суух хугацааг хэтрүүлэх зэрэг зөрчил гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлж байна. Сүүлийн үед биедээ болон ачаа тээшиндээ хар тамхи, мансууруулах бодисыг нууцаар авч явж, улсын хил нэвтрүүлэхийг завдах гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Зөвхөн 2011 онд гэхэд л Монгол Улсын 10 гаруй иргэн хар тамхи хил давуулахаар завдаж, гадаад орнуудын хууль хяналтын байгууллагад шалгагдан, цагдан хо ригдож байна.
Хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын үндэстэн дамнасан хууль бус наймаатай дэлхий нийтээрээ тэмцэж буй өнөө үед энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдэд ялын дээд хэмжээ оноодог хуулийн заалттай. Иймд гадаад орнуудад зорчих иргэд сонор сэрэмжтэй байж, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хэн нэгний гуйлт, ятгалгаар бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байх, их хэмжээний мөнгө амласан этгээдээс зайлсхийж, бусдын нөлөөнд автахгүй байх, тухайн орны хууль тогтоомж, дүрэм журмыг сахиж мөрдөхийг анхааруулж байна. Ялангуяа эцэг, эхчүүд гадаадад зорчиж, суралцаж, ажиллаж амьдарч байгаа хүүхдүүддээ онцгой сэрэмжлүүлэх нь зүйтэй байна гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.