Ашиг сонирхлын зөрчлийг хязгаарлах буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гарч байгаатай хол боотойгоор Төрийн албаны болон Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж байгаа юм. Авли гын эсрэг хуульд өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өчигдрийн нэгд сэн хуралдаанаар хийлээ. Монголд Авлигатай тэмцэх газар байгуулагдсан хэдий ч ихээхэн хэл амтай байгаа. Анхны дарга нь гадаадад албан томилолтоор явж байгаад амь насаа алдсан. Дараагийн дарга нь албан тушаал, төсвийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр тэнсэн харгалзах ял сонсоод буй. Гурав дахь даргаар цагдаагийн хурандаа Н.Ганболд гэдэг хүнийг томилсон боловч түүнийг утсан хүүхэлдэй, цагдаагийн гологдмол боловсон хүчин гээд олон нийт нэг их ач холбогдол өгөхгүй байгаа юм. АТГ байгуулагдсан цагаас хойш Монголын шударга иргэдийн дунд их хүлээлт бий болсон. Гэвч их санасан газар есөн шөнө хоосон хонох гэгчийн үлгэр болж буй. Үүн шиг үнэн зүйл Монголд байхгүй нь туйлын үнэн билээ. Хоёр хоногийн өмнө “Трансперенси интернэшнл” байгууллагаас гаргасан авлигын үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн 183 орноос 120-д жагссан байна. Энэ нь өмнөх жилүүдийн үзүүлэлтээс ухарсан хэрэг юм.
Эндээс үзвэл манайд АТГ гэгч байгууллага байсан байгаагүй нь ялгаагүй мэт санагдаж байгаа юм. Гэвч УИХ татан буулгачихъя гэж ер бодохгүй байна. Энэ газрыг үүргээ жинхэнэ утгаар нь биелүүлнэ гэдэгт өөрөө ч итгэж явдаг бололтой. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаас ажигласан зүйлээ нэмэр хачиргүй тоймлон хүргэе. Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гарч байгаатай холбоотойгоор Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж байгаа. Түүний 19 дүгээр зүйлийн тав дахь хэсэгт “Авлигын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байсан этгээдийг АТГ-ын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд томилохыг хориглоно” гэсэн өөрчлөлт оруулж буй. Төслийг хэлэлцэж эхлэхэд гишүүд энэ заалтаас эхлээд л жийрхэв. “Авлигын хэргээр шалгагдаж” гэсэн өгүүлбэрийн ард таслал (,) тэмдэг тавьчихжээ. УИХ-ын Тамгын газрынхан илүү тэмдэг оруулчихсан бололтой юм. Х.Тэмүүжин гишүүний үгнээс ийн ойлгов. Тэрбээр хэлэхдээ бидний өргөн барьсан төсөлд шалгагдаж гэдэг үгийн ард таслал (,) тэмдэг байхгүй. Наана чинь техникийн алдаа гаргасан байна гэсэн тайлбар хэлэв. Хэрвээ таслал тэмдэг оруулсан бол үнэхээр логикийн хувьд том алдаа болох юм. Үүнийг С.Бямбацогт хамгийн түрүүнд олж харжээ. Тэр ингэж сэрэмжлүүлэв.
-Шалгагдаж байсан хүнийг АТГ-ын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд томилохыг хориглох юм байна. Хэн нэгнийг ямар ч асуудлаар шалгаж болно. Шалгаад буруугүйг нь тогтоож болно. Шүүх л гэм буруутай эсэхийг эцсийн эцэст тогтооно. Ямар нэгэн зорилгоор буруу ташаа мэдээлэл өгч хүнийг матаж шалгуулж болно. Өнөөдөр хэн нэгэнд зохиомлоор хэрэг үүсгэдэг явдал байж л байдаг гэсэн шүү дээ. Шалгагдаж гээд таслал тэмдэг тавьсан байна. Энэ чинь юуг илэрхийлээд байгаа юм бэ?
Р.Гончигдорж:-АТГ-ын удирдлагын саналыг сонссон. Тантай адилхан зүйл ярьж байна лээ. Шалгагдаж тэр нь нотлогдоод эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээсэн хүнийг албан тушаалд томилохыг хориглоно гэсэн утгаар тэд тайлбарласан. Таны хэлсэн шиг “шалгагдаж” гэдэг үг салангид бус. Хэлмэгдүүлэлт гарахыг үгүйсгэхгүй. Энэ үгийг тусад нь ойлгох хэрэгтэй.
Х.Тэмүүжин:-Техникийн алдаа байна. Бидний өргөн барьсан төсөлд “шалгагдаж” гэдэг үгийн ард таслал байхгүй. Тэгж байж тусад нь ойлгоно (анх өргөн барьсан төслийн эх дээр “шалгагдаж” гэсэн үгийн ард таслал байхгүй байна).
З.Энхболд:-УИХ АТГ-ыг байгуулахдаа супер байгууллага болгоно. Супер албан хаагчидтай байна. Тэгээд супер цалин өгч байгуулсан. Энэ хуулийн төслийг та нар дэмжиж байгаа юу. Бичгээр саналаар өгөөрэй гэж би хэлж байсан. Хуульд оруулж байгаа энэ өөрчлөлтийг яг юу гэж үзэж байна вэ?
(Чуулганы хуралдаанд АТГ-ын дарга Н.Ганболд хүрэлцэн ирсэн).Н.Ганболд:-Хууль зүйн байнгын хороонд саналаа өгч амжаагүй.
Чөмгөө дундартал төрд зүтгэсэн хүмүүс гэнэт хэт баяжаад байдагт гайхаж явдгаа Л.Гүндалай хэлэв. УИХ-ын гишүүдээс хөрөнгө орлогын мэдүүлгээ хамгийн шударгаар өгдөг нь Гүндалай юм байх. Тэр өөрөө ингэж хэлэв. Шударгаар өгсөн мэдүүлгээрээ бол би гишүүдээс хамгийн баян нь юм билээ. Гэтэл бодит амьдрал дээр огт өөр. УИХ-ын гишүүд дунд надаас хэдэн зуун сая дахин баян хүн байдаг гэв. О.Чулуунбат их зөв санал гаргасан. Төр өөрөө авлигын эх үүсвэрийг дэмжсэн дүрэм, журам гаргадаг. Төрийн өмчийн хувьцаат компаниуд хөрөнгөжих эх үүсвэр болдог. Үүнийг зохицуулах ёстой гэв. Н.Ганбямба бас хэлж байна аа. Авлигын эсрэг одоогийн хууль төрийн өндөр албан хаагчдыг, төрөөс төрдөг тэрбумтнуудыг хамгаалсан хууль болсон. Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гарч байгаатай холбоотойгоор Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж байгаа нь том амжилт. Түүний хэлснээр Авлигын эсрэг одоогийн хуулиар цэцэрлэгийн багш, сургууль, дотуур байрны комендат, үсрээд л сургуулийн захирлыг авлигын хэргээр шийтгэдэг зохицуулалттай юм байна. Одоо хэлэлцүүлж байгаа төсөл батлагдсанаар торонд орсон л бол жараахай, акулыг ялгаагүй барих орчин бүрдэх гэнэ. Олсон орлогоо тайлбарлаж чадахгүй, түүндээ орсон өөрчлөлтийг нотолж чадахгүй бол эрүүгийн болон захиргааны хүндхэн хариуцлага хүлээх болж байгаа юм. Энэ хариуцлага төрийн өндөр албан тушаалтанд ч ялгаагүй үйлчлэх учраас Төрийн алба, Эрүү, Авлигын эсрэг хуульд оруулж буй энэхүү өөрчлөлт томчуудыг айлгаж байгаа юм.